Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан талаар хотын дарга Х.Нямбаатар дараах тайлбарыг өгчээ.
Хотын дарга Х.Нямбаатар “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан өөрийн хүсэлтээр ажлаа өгье гэсэн. Хууль хяналтын байгууллагаас шалгахад ямар нэгэн мөнгө төгрөг идсэн уусан дүгнэлт гараагүй.
Ж.Энхжаргалан медиа чиглэлийн бизнес хийдэг учир эрхэлж буй ажилтай нь зөрчилдөж байна гэж үзээд ажлаа өгье гэсэн юм билээ. ТУЗ нь энэ Баасан гарагт хуралдаад дараагийнх нь боловсон хүчнийг сонгох байх.
Ер нь Төв цэнгэлдэх хүрээлэн өмнө нь нийслэлийн харьяанд байгаагүй. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 300 гаруйхан сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байсан. Бид өнгөрсөн жил хэлцэл хийсний үр дүнд 100% нийслэлийн болгож авсан. Нэг тоглолт ойролцоогоор 160 гаруй сая төгрөгийн төлбөртэй байгаа. Өнгөрсөн жил гэхэд баяр наадмын үеэр зөвхөн медиа зар сурталчилгаанаас нэг тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. Тэгэхээр Ж.Энхжаргалан Төв цэнгэлдэх хүрээлэнг яаж өөд нь татсан нь харагдана. Хэзээ байтлаа дотроо ариун цэврийн өрөөтэй байлаа. Юу ч үгүй байсан шүү дээ. Маш сайн шинэчлэл хийсэн” гэв.
Ташрамд дурдахад, өнөөдөр шүүхээс Ж.Энхжаргаланд 10 хоног албадан сургалтад хамрагдах, 9 хоног баривчлах шийтгэл ногдуулсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!