Монгол Улс бүс нутгийн орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай, энх тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулдаг, энхийг эрхэмлэсэн байр суурьтай гэдгээ бататгадаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал 10 дахь удаагаа энэ сарын 5-6-ны өдрүүдэд болж байна.
Тус бага хуралд Зүүн хойд Азийн бүс нутгийн төдийгүй бусад бүс нутгийн орнуудын төрийн албан хаагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллага болон иргэний нийгмийн 250 орчим төлөөлөл оролцож цаг үеийн тулгамдсан асуудлаар харилцан яриа өрнүүлж байна.
Энэ удаагийн хурлаар АНУ-ын шинэ засаг захиргаа дэлхий нийтэд нэлээдгүй тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэсэн энэ үед улс орнууд ямар асуудал дээр анхаарлаа төвлөрүүлэх болон АНУ-ын тарифын бодлогын эсрэг хэрхэн нэгдсэн бодлогоо уялдуулах зэргийг илүү чухалчилж байгаа юм байна.
Түүнчлэн КОВИД-19 цар тахал, Украины дайн, Трампын бодлого зэрэг олон улсын гадаад харилцааны шинж чанартай бодлогын өөрчлөлтүүдийн дараа улс орон болгоны болон бүс нутгуудын эрчим хүчний асуудал нэлээд хурцаар яригдаж байгаа учир энэ удаагийн хуралд "Эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадвар" гэх сэдэв нэмэгдсэн байна.
Улс орон болгон өөрийн эрчим хүчний аюулгүй байдлын тогтолцоог хангах, эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх зэрэг нь тухайн улс орны бие даасан гадаад бодлого явуулахад нэлээд том хөшүүрэг нь болж байгаа аж.
Мөн Өмнөд Солонгос улсад манай улсын 60,000 гаруй иргэд ажилладаг. Иймд Солонгосын хойгийн аюулгүй байдал нь Монгол улсын аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болно гэдгийг манай улсын талаас онцлов.
2014 оноос хойш "Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хурал нь зөвхөн бүс нутгийн төдийгүй, олон улсын байгууллагууд, бидэнтэй харилцаа, хамтын ажиллагаатай улс орнуудын сонирхлыг татсан арга хэмжээ болж өргөжжээ. Тэр тусмаа их гүрнүүдийн хооронд геополитикийн өрсөлдөөн, сөргөлдөөн даамжирч, бусад улсын гадаад бодлогын орон зай хумигдаж байгаа өнөө үед бид улс орондоо олон улсын оролцоотой арга хэмжээг зохион байгуулж, олон улсын тавцан дахь байр суурь, нэр хүндээ бэхжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой аж.
Мөн Төв Ази, Зүүн хойд Азийг холбон орших манай гео-стратегийн онцлог, онцлог, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворжуулахад оруулж болох бодит хувь нэмэр, нөхцөлийг харгалзан үзэж бага хурлын үйл ажиллагааг өргөжүүлж ирснээр хуралд оролцогч байгууллага болон судлаачдын тоо жилээс жилд нэмэгдэн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн яриа хэлэлцээний механизм болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!