Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Урлаг соёлд ₮525 тэрбум, эрчим хүчинд ₮298 тэрбумыг төсөвлөсөн улс. Гэрт чинь тоггүй байхад гадаа тоглолт үзэх нь чухал уу"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Дулааны цахилгаан станц-3" ТӨХК-д гарсан үйлдвэрлэлийн осол болон хүний амь нас эрсэдсэн асуудлаар Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос байр сууриа илэрхийлж, шаардлага хүргүүлэх тухайгаа мэдэгдлээ. 

Энэ үеэр эрчим хүчний салбарт ихэнхдээ нам дагасан улс төрийн томилгоо явагддагийг шүүмжилж, олон жил ашигласан тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг шийдээгүй, хүний эрх, ажилчдын аюулгүй байдлыг хангадаггүй зэрэг олон асуудлыг дэлгэв. 

Түүнчлэн урлаг соёлын салбарт зарцуулдаг мөнгө ба эрчим хүчний салбарт тавьдаг төсвийг шүүмжилсэн юм. 

Энэ тухай Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нарийн бичгийн дарга А.Дагвадорж дараах мэдээллийг танилцууллаа. 



2023-2025 оны сүүлийн гурван жилийн төсвөөс харахад: 

  • 2023 онд Соёл, спорт, аялал жуулчлалын төсөв 316 тэрбум төгрөг
  • 2023 онд Эрчим хүчний төсөв 256 тэрбум төгрөг
  • 2024 онд Соёл, спорт, аялал жуулчлалын төсөв 575 тэрбум
  • 2024 онд Эрчим хүчний төсөв 468 тэрбум
  • 2025 онд Соёл, спорт, аялал жуулчлалын төсөв 525 тэрбум төгрөг
  • 2025 онд Эрчим хүчний салбарт 298 тэрбум төгрөгийн төсөв тавьжээ. 

Эрчим хүчний салбар болохгүй байна, ажилтнуудын цалин хөлс хангалтгүй, техник, технологийн шинэчлэл хийе гэхээр “мөнгө байхгүй” гэдэг.

Яаж мөнгө олох уу? гэхээр ард түмний нуруун дээр ачаа үүрүүлэх юм л ярьдаг. "Үнэ тарифыг өсгөе" ингэж байж л босгоно гэдэг. Гэтэл Соёл, спорт, аялал жуулчлалын салбарт чинь мөнгө байгаа юм биш үү.

Өнөөдөр талбай дээр гадаадын хэдэн инфлүэнсер авчраад бичлэг хийлгэх нь чухал юм уу?, эрчим хүч дулаантай байх нь чухал юм уу?

Улаанбаатар хотын 30 гаруй хувийн дулааныг хангадаг 50 мВт-ын хүчин чадалтай генератор нь засал авахааргүй болчихлоо шүү дээ. Яах юм бэ? Улаанбаатар хотоороо хөлдөх үү? 

Гэрт нь тоггүй байхад тогоо залгах мөнгөөрөө гадаа тоглолт үзээд байж таарах уу. Ингээд л бодчих.

Энэ эвдрэл гарсан төхөөрөмжийг шинэчлэхэд өнөөгийн зах зээлийн үнэлгээ нь 100 сая ам.доллар гэж байгаа. Түүнээс гадна суурилуулж хэвийн ажиллагаанд оруулахад багадаа 24 сарын хугацаа шаардана. Тэр хүртэл яаж амьдрах юм бэ?

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр төсвийн төслийг өргөн барьдаг. Тэгвэл ЧУХЛЫН ЭРЭМБЭ гэж байх ёстой. Аль нь чухал юм бэ, аль салбарт нь хөрөнгө оруулалтаа хийх юм. Алийг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай юм бэ? Үүнийг Засгийн газар шийддэг.

Тухайн төсвийг тусгахад сайд нар урдуур хойгуур нь гүйж төсвөө суулгуулдаг юм шиг байгаа юм. Эрчим хүчний салбарт жоохон сэтгэлтэй сайд байсан бол урдуур хойгуур нь гүйж байгаад төсвөө нэмэгдүүлчих байсан байлгүй дээ.Байж байгаа царай нь энэ.

Дараагийн Засгийн газар, түүнийг удирдах Монгол Улсын Ерөнхий сайд, дараагийн салбарын сайд төсөвтөө анхаараач ээ. Эрчим хүчний салбартаа хангалттай тавьж өгөөч ээ.

Асуудлуудаа шийдээч ээ. Энэ салбарт ажиллах инженер, техникийн ажилтангүй боллоо. Хурган дарга нар нь өөрсдөө ажиллах юм уу. Та нар очоод каск зүүгээд ажиллах юм уу?, Зөндөө дарга нар байна, ажиллах уу?...

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.4-т зааснаар хөдөлмөрийн аятай таатай нөхцөлөөр хангуулах шаардлагатай. Гэвч энэ хуулийн хэрэгжилт манай салбарт огт алга.

Өмнө нь ч бид  мэдэгдэл өгч байсан. Засаглалын хямралын талаар түрүүн ярилаа. Бүх шатанд тавьсан хурган дарга, менежерүүдээ буцааж тат. Хэмнэлтийн хуульдаа өөрчлөлт оруул.

Ажилтнуудын нийгмийн хамгаалал, цалин хөлсний асуудлыг шийдэх гэхээр Хэмнэлтийн хууль гэж гацаадгаа боль, өөрчил.

Эрчим хүчний салбарын холбооны зүгээс дараах шаардлагыг хүргүүлж байна

Энэ талаар "Техник ашиглалтын дүрмээ нэн яаралтай шинэчлэх шаардлагатай. Түүнчлэн техник ашиглалтын дүрмийг мөрдүүлэхэд үүсэж байгаа хүндрэл нь тоноглолын насжилт учраас үүнийг судалж, шаардлагатай арга хэмжээг авах ёстой. Энэ ажилд ажилтнуудын төлөөллийг оролцуулах шаардлагатай.

Ажлын хэсэг байгуулж эрчим хүчний бүх компаниуд дээр тоноглолын насжилт өндөр болсон, нэн даруй засвар үйлчилгээ хийх шаардлагатай техникүүдээ тодорхойл. Тэндээ шаардлагатай төсөв мөнгийг нь суулгуулж, төсөвтөө тодотгол хийх хэрэгтэй.

Өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх болохоор төсөвт тодотгол хийдэг биз .

Тэгвэл төсөвтөө тодотгол хийж, шаардлагатай төсөв мөнгөө тавьж өг. Нэн яаралтай тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлийн ажилд орох шаардлагатай байна. Энэ санал шаардлагыг холбогдох байгууллагуудад өгнө.

Гуравдугаар станцын төлөөлөл маань яриандаа хэллээ.

Ямар нэгэн асуудал гарахаар дарга нар хариуцлагаас зугтаад "ажилтан хариуцлага үүрч үлддэг гэж. 

Ийм нөхцөл байдлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо ажилтнуудынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ сануулъя" хэмээн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нарийн бичгийн дарга А.Дагвадорж шаардлагаа хэллээ.