УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өнгөрсөн шөнө буюу зургаадугаар сарын 2-нд "ДЦС-3” ТӨХК-ийн цех дотор гарсан галыг Эрчим хүчний яам нуусан талаар асуудал хөндлөө.
Тэрбээр "Урьд шөнө ТЭЦ-3 дээр маш том хэмжээний осол гарсан. Үүний үр дүнд ашиглалтын инженер залуу харамсалтайгаар амь насаа алдсан. Өглөө 09:00 цагийн үеэс эхлээд Б.Чойжилсүрэн сайдаас мэдээлэл авъя гэхэд одоогоор ямар нэгэн байдлаар холбогдож мэдээлэл өгөөгүй. Албан бичиг явуулахад мэдээлэл өгөөгүй.
Тэнд ажилладаг хүмүүс надтай холбогдож байгаа. Тухайн шөнө ээлжид гарсан ажилчдыг станцаас гаргахгүйгээр утсыг нь хурааж аваад энэ талаар мэдээлэл гаргавал ажлаас нь хална гэж сүрдүүлж байна гэсэн мэдээлэл ирсэн. Эрчим хүчний яам хэр хүртэл энэ асуудлыг хав дарах зорилготой байгаа вэ.
Миний хувьд үүнийг өглөө мэдэж байсан ч гарч ирж яриагүй нь улс төрийн сенсаци юм уу хүний амиар улс төр хийхийг хүсээгүй учраас орой хүртэл хариу өгөөгүй байна. Та Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг хэр ажилласан гэж дүгнэж байна вэ" хэмээн ярив.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!