Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэргүй, халтирдаггүй хиймэл зүлэг шинээр дэвсэнэ

Н.Номин, ikon.mn
2025 оны 6 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлэг дээр халтиргаа үүсэж, олон нийтийн шүүмжлэл дагуулж байсан. Одоогийн байдлаар Төв цэнгэлдэхийн хиймэл зүлгийг Төв талбайд байрлуулсан зөөж байрлуулсан байдалтай байгаа. Баяр наадмыг байгалийн зүлэгтэй цэнгэлдэхэд зохион байгуулах боломжтой эсэх талаар хотын дарга Х.Нямбаатараас тодрууллаа. 

Тэрбээр “Сүхбаатарын талбай дээр байгаа зүлгийг аваад буцаагаад Төв цэнгэлдэхэд дэвсье гэхээр иргэд эндээ байх нь зүйтэй гэж үзэж байгаа юм билээ.

Тиймээс Баяр наадмын тухай хуульд заасны дагуу хиймэл зүлэг худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Энэ сарын 24, 25-ны өдрүүдэд улсын болон аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдааныг хиймэл бороожуулагчтай туршиж үзнэ.

Бид байгалийн зүлэг болгоё гэж нэлээн олон удаа ярилцсан. Гэтэл баяр наадмын бэлтгэл хийж морьтой хэдхэн давхиад л нөгөө ногоон зүлэг чинь шороогоор эргэчихдэг. Дээр нь Төв цэнгэлдэх хүрээлэн өөрөө орлого олохын тулд тоглолтууд авдаг. Тэгэхээр амьд зүлэг бол яагаад ч боломжгүй гээд дэмжигдээгүй.

Ингээд үнэргүй, халтирдаггүй хиймэл зүлэгтэй болох ажил ид дундаа ороод явж байна” гэлээ.