Энэтхэгийн крекитийн Премьер лигийн аваргаар өнгөрсөн Даваа гарагт "Роял Чалленжерс Бенгалуру" баг түүхэндээ анх удаа тодорсон.
Тэмцээний дараа "Бенгалуру" баг цэнгэлдэх хүрээлэндээ аваргын баяраа хийжээ. Дэмждэг багийнхаа аваргын цомын баярыг тэмдэглэх гэж хэдэн мянган хүн гудамжинд цугласан байна. Тэдний зарим нь мод, цэнгэлдэхийн ханаар авирч байгааг дүрс бичлэгээс харж болох аж.
Улмаар цэнгэлдэхийн гадна цугласан олон мянган иргэд талбай руу орох гэж зүтгэснээр бужигнаан үүссэн байна.
Газар дээрээс нь авсан гэрэл зургаас харахад иргэд бусдынхаа дээгүүр давж байгаа нь тодорхой харагдаж байв.
Энэ үйл явдлын улмаас 11 хүн амиа алдаж, 47 хүн бэртсэн гэж Карнатака мужийн захирагч Сиддарамаиа сэтгүүлчдэд ярьжээ. Тэрбээр "Ийм баярын үеэр хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Бидний төсөөлж байснаас ч олон хүн ирлээ" гэсэн юм.
Хэргийн улмаас нэг цагдаа түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн бол өөр нэгэн иргэн нь газар ухаангүй байдалтай эмчийн тусламж авч байсан аж. Зарим нь хүчил төрөгчийн дутагдалд орсноор нөхөх эмчилгээ хийлгэжээ.
Цэнгэлдэхийн нэг хаалган дээр цугласан хүмүүсийг цагдаа нар саваа модоор цохиж эхэлсэн нь эмх замбараагүй байдалд хүргэсэн гэж нүдээр үзсэн гэрч ярьсан байна.
Аваргын цом авсан багийнхан цахим хуудсаараа дамжуулан уг арга хэмжээнд оролцох эрхийн бичгийг үнэгүй тараасан ч тоо хязгаарлагдмал гэдгийг сануулж байв.
Үймээний улмаас цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох метроны шугамыг зогсоосон байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!