Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн мэргэжилтнүүдийн зохион бүтээж буй нисгэгчгүй онгоцтой танилцсан тухай тус улсын төв хэвлэл өчигдөр мэдээлжээ.
Ингэхдээ уг бүтээлийг “хиймэл оюуны технологид суурилсан” гэж мэдээлсэн нь анхаарал татаж байна.
Ким Жон Ун ажлын явцтай танилцсаныхаа дараа дроныг үйлдвэрлэлд шилжүүлэх зөвшөөрөл өгсөн тухай Солонгосын Мэдээний Төв Агентлаг мэдээлжээ.
Ажиглагчид үүнийг Украины дайнд цэрэг илгээж, зэвсэг нийлүүлснийхээ хариуд Орос улсаас авсан тусламж дэмжлэгийн үр дүнд бүтээсэн техник байж болзошгүй гэж үзэж байна.
Умард Солонгосын дэглэм 2024 оны наймдугаар сард цэнэгт хошуу тээвэрлэгч дрон маягийн техник олон нийтэд анх удаа үзүүлж байв.
Тухайн үед Пёняны төв хэвлэл энэ зэвсэгтээ “хиймэл оюуны технологи” нэвтрүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа талаар мэдээлж байжээ.
Ким Жон Ун энэ удаа бас тус улсын анхны агаарын довтолгоог урьдчилан сэрэмжлүүлэх үүрэгтэй нисэх онгоцны загвартай танилцсан байна.
Агаарын орон зайг радарын тусламжтай хянадаг энэ онгоц нь гадна талаасаа ердийн зорчигч тээврийн онгоцтой адил харагдаж байв.
Уг онгоцны эд ангиудыг Орос улс нийлүүлсэн байж болзошгүйг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч И Сон Жун өчигдөр Сөүл хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ. Ингэхдээ тэр уг онгоцны чадавхыг үнэлэхэд эрт байгааг хэлсэн юм.
Өнгөрсөн оны зургаадугаар сард Путин, Ким Жон Ун нар улс орнууд нь гадаадын түрэмгийлэлд өртсөн тохиолдолд харилцан туслалцах гэрээ байгуулсан.
Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын тагнуулын алба Пёняны дэглэм Курскийн фронтод байлдах цэргийн хүчийг ОХУ-д нэмж илгээсэн байж магадгүйг мэдээлж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
|