“Эрүүл шүд - Эрүүл ирээдүй" үндэсний II зөвлөгөөн Төрийн ордонд энэ сарын 20, 21-ний өдрүүдэд болж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар бага болон дунд орлоготой орнуудын өсвөр насныхны 5-10% нь шүдээ ховор угаадаг эсвэл огт угаадаггүй гэсэн дүн гарсан байдаг. Монгол Улсад нийт суралцагчдын 6.5% нь сүүлийн нэг сарын хугацаанд шүдээ огт угаагаагүй гэдэг судалгаа гарчээ.
2024 оны үр дүнгээр 0-17 насны гурван хүүхэд тутмын хоёр нь нэгээс дээш шүд цооролттой, шүд цоорох өвчний тархалт тухайн насны бүлэгт 77.4%-тай байна. Улсын хэмжээнд нийт 80,000 гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаас нийслэлийн хэмжээнд хамрагдсан 40,280 хүүхдийн 95.33% нь шүдний өвчлөлтэй байна. Шүд цоорох өвчний тохиолдол 5-7 настай хүүхдэд хамгийн өндөр байгаа аж.
Амны хөндийн өвчлөлийг тууштай бууруулахад чиглэсэн амны хөндийн эрүүл мэндийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүл мэндийн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан төдийгүй цаашдын салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын ажлуудыг хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!