Уншиж байна ...

"Хүний эрх болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхэд авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт ХАНГАЛТГҮЙ байна"

Б.Бадамгарав, IKon.mn
7 цаг 46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК) Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 23 дахь илтгэлээ Улсын Их Хурал(УИХ)-д танилцуулсан. 

Уг илтгэл болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 37 дугаар тогтоол 2024 оны тавдугаар сарын 2-нд батлагдан гарч байжээ. ХЭҮК өнөөдөр энэхүү тогтоолын хэрэгжилт ямар хэмжээнд байгаа талаар мэдээллээ.

ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир "УИХ-ын 37 дугаар тогтоолд есөн асуудлаар 28 арга хэмжээ тусгагдсан байгаа.

Өнөөдрийн тухайд бид найман асуудлаар 26 арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг танилцуулах гэж байна.

Үнэлгээ хийсэн 26 арга хэмжээнээс 

  • дөрөв нь бүрэн хэрэгжсэн,
  • ес нь тодорхой үр дүнд хүрсэн бол
  • 10 нь хэрэгжүүлэх бэлтгэл ажил нь эхлэл төдий
  • гурван арга хэмжээ огт хэрэгжээгүй байна.

Нийтэд нь дүгнэвэл УИХ-ын 37 дугаар тогтоолын хэрэгжилт 51 хувь буюу ХАНГАЛТГҮЙ, эрчимжүүлэх шаардлагатай байна.

Бүрэн хэрэгжсэн арга хэмжээнүүд нь

  • Орчны бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон нийтэд мэдээлэл хүргэх, сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажил хийх заалт бүрэн хэрэгжсэн. Гэхдээ Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв зэрэг холбогдох байгууллага олон нийтийн сүлжээ, мэдээллийн сайт, сонин, телевиз, радио зэргээр түгээсэн мэдээ мэдээлэл нь ямар үр дүнтэй байв гэдгийг тооцож үзэх шаардлагатай.
  • Улсын хэмжээнд хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй болон айлд амьдарч буй зэрэг хүүхдийн бүртгэлийг хийх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэж хяналт тавих механизм бий болгож, сайжруулах, эдгээр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сан бүрдүүлж, түр тэтгэмжийн хувь хэмжээг нэмэгдүүлэх тусгайлсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх заалт мөн хэрэгжсэн байна. Үүнд Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам арга хэмжээнүүд хэрэгжүүлжээ. Тухайлбал хагас болон бүтэн өнчин хүүхдэд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийн доод хэмжээг 2025 онд 6 хувиар нэмэгдүүлж, 397.5 мянгад хүргэсэн. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлсэн ахиц гарсан байна. 
  • Хорих ангиас суллагдахад бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх тухай заалт мөн хэрэгжсэн. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа нээлттэй, хаалттай хорих ангиудад хоригдлыг суллагдахад бэлтгэх хөтөлбөр, эргэлт уулзалтын байрыг зарим газарт шинээр барьж, заримд нь засвар үйлчилгээ, тохижилт хийсэн. 
  • Бүх шатны сонгуульд нэр дэвшиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчид сурталчилгааны материал хэвлүүлэх түгээх хүртээмжтэй тээврийн хэрэгсэл, сурталчилгааны байраар хангах, дохионы хэлмэрч, хувийн туслах ажиллуулах зэрэг дэмжих үйлчилгээ авахад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх, төлбөр татварын хөнгөлөлт үзүүлдэг байх эрхзүйн зохицуулалтыг бий болгох заалт бий. Үүнд УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намуудын тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү эмэгтэй улстөрч болон хөгжлийн бэрхшээлтэй улстөрч нэр дэвшүүлсэн нам эвсэлд тодорхой хэмжээний санхүүжилт өгөх хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд 891 сая төгрөг олгохоор Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын төсвийн багцад тусгагдсан тухай хэрэгжилтийн тайлан ирсэн" хэмээв.