Гар утаснаас нь Трампыг шүүмжилсэн агуулгатай мессэж олдсон шалтгаанаар нэг эрдэмтнийг АНУ-ын хил дээрээс буцаасан хэрэг саяхан гарсан тухай Францын засгийн газрын сайд өчигдөр мэдээлжээ.
“Хьюстон хотод болох хуралд оролцох томилолттой явсан Францын Шинжлэх Ухааны Судалгааны Үндэсний Төвд (CNRS) ажилладаг нэг судлаачийг АНУ-ын хилээр нэвтрүүлэлгүй буцаасан тухай мэдээ миний санааг зовоож байна. Америкийн эрх баригчид ийм арга хэмжээ авсан нь түүний гар утаснаас хамтран ажиллагсад, найз нөхөдтэйгөө Трампын засаг захиргааны шинжлэх ухааны бодлогын талаар хувийн санал бодлоо солилцсон мессэж олдсонтой холбоотой юм байна” гэж Францын дээд боловсрол, шинжлэх ухааны сайд Филипп Баптист хэвлэлд ярьжээ.
Сайд цааш нь “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, судалгаа, эрдмийн ажлын эрх чөлөө бол бидний бахархах үнэт зүйлс юм. Би хуулийн хүрээнд Францын бүх эрдэмтэд, судлаачдын эрхийг дээдлэн хамгаалах болно” гэж хэлсэн байна.
Дээрх хэрэг гуравдугаар сарын 9-ний өдөр гарсныг дипломат эх сурвалж мэдээлжээ.
АНУ-ын хил гаалийнхан Францын эрдэмтнийг “бусдыг үзэн ядсан, хуйвалдааны шинжтэй” мессэж гар утсандаа хадгалж байсан гэж үзээд асуудлыг Холбооны Мөрдөх Товчоонд шилжүүлсэн юм байна.
Гэвч Холбооны Мөрдөх Товчоо уг асуудлыг хэрэгсээгүй өнгөрсөн гэнэ.
Эрдэмтэн нь хил дээрээс буцсан өдөр сайд Баптист төсвөө хасуулж, ажилгүй болсон Америкийн судлаачдыг Францад ирж ажиллахыг уриалсан нээлттэй захидал илгээж байжээ.
Маргааш нь Марселлийн их сургуульд ирж ажиллах урилгыг хүлээн авсан АНУ-ын Мэрилэндийн анагаах ухааны их сургуулийн судлаачтай видео уулзалтад орж байгааг харуулсан гэрэл зургаа сайд сошиал хуудсандаа нийтэлсэн байна.
Гуравдугаар сарын 12-ны өдөр телевизээр ярихдаа Баптист “Тойрог замын Олон Улсын Сансрын Станцыг 2027 онд ашиглалтаас гаргах тухай Илон Маск ярьсныг сонслоо. Тэр ингэхэд хэн юм бэ? SpaceX-ийн босс уу? АНУ-ын засаг захиргааны албан тушаалтан уу? Ямар ч утга алга” хэмээн ярьж байжээ.
Трампын засаг захиргаанд төсвийн үр ашигтай байдлыг хариуцах болсон тэрбумтан Илон Маск төрийн албан хаагчдыг олон мянгаар нь халж, шинжлэх ухааны олон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг зогсоосон нь нэлээд хэл ам дагуулаад байгаа юм.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!