Индэр    
Өнөөдөр 9 цаг 51 минут
Зураг
Эдийн засагч, шинжээч

Надад падгүй ээ - II

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хятад ардын нэг үлгэр байдаг. Амиа бодсон, хувиа хичээсэн нэг тариачин нөхөр хөршүүддээ ч тусалж, нийгэмдээ ч хувь нэмэр оруулдаггүй. Тиймээс ч хөршүүд нь НАДАД ПАДГҮЙ гэж дуудна.

Нэг удаа НАДАД ПАДГҮЙ захаас шош аваад буцаж явав. Цоорхой уутанд хийсэн шош нь асгарч байгааг хөрш нь хараад хэлэх гэтэл НАДАД ПАДГҮЙ “миний хэрэгт бүү оролц” хэмээн ерөөсөө ч үгийг нь гүйцэд сонссонгүй. Харин гэртээ ирээд уутаа дэлгэтэл шош нь үлдээгүйг хараад хөрш рүүгээ уурлан, хашхиртал хөрш нь ‘’надад падгүй ээ’’ гэсэн гэдэг.

Энэ бол 3,000 жилийн суурьшмал соёл иргэншилд хүн хувиа бодох нь яагаад ашиггүйг харуулсан агуулга бүхий үлгэр юм. Саяхан мал хариулж явсан нүүдэлчид бид суурьшмал соёл иргэншилд зохицох гэж үзэж дарж байна. Одоо яг НАДАД ПАДГҮЙ дээрээ явцгааж байх шиг ...

  • Дулаан, цахилгааны үнэ нэмэгдлээ. Надад падгүй ээ. Урдхаа л хийе.
  • Автомашин татвар нэмлээ. Надад падгүй ээ. Урдхаа л хийе.
  • Инфляц, ханш гэсэн 2 иртэй хутгаар орлогоо хэрчүүллээ. Надад падгүй ээ. Урдхаа л хийе.

Гадныхны нүдээр бид ...

  • Авлигын индексээр 121-д жагсаж, гурван байр ухарлаа. Надад падгүй ээ. Урдхаа л хийе.
  • Ардчиллын индексээр 77-д жагсаж, 16 байр ухарлаа. Надад падгүй ээ. Урдхаа л хийе.
  • Төсвийн зардал ДНБ-ий 37 хувь болж, түүхэн дээд түвшинд хүрлээ. Надад падгүй ээ. Урдхаа л хийе.
  • Төрийн компаниудын ДНБ-ий 12 хувьд хүрлээ. Хувийнхантай өрсөлдөж эхэллээ. Надад падгүй ээ. Урдхаа л хийе.

Дурын гудамжинд явж байгаа залуугаас улс орных нь талаарх сэтгэгдэл асуувал юу гэж хариулах вэ? Утаа, түгжрэл, нийгмийн стресс, цалин цаас зэргээр толгой өвдөхөөр асуудлууд тоочиж чадна. Монгол Улс угаасаа хөгжихгүй. Харин яаж нэг гадагш гараад, гаднын иргэншил аваад амьдарчихъя даа байз. Тэр хүртэл гүрийж байгаад хэдэн цаас цуглуулаад байр, машинаа зарлаад зүгээр арилж үзье. Иймэрхүү л байдалтай байцгааж байна.

Урдхаа л хийе гэх хүлцэнгүй зантай болжээ бид. Надад падгүй. Монголын улс төр баба, би нам бус. Иймэрхүү хандлага биднийг хааш хөтлөхийг дор бичив.

  • Таны хөрөнгийг хурааж авлаа. Надад падгүй ээ. Урдхаа л хийе.
  • Та ингэж ярьж болохгүй. Хэрвээ ингэж яривал барьж хорино. Надад падгүй ээ.
  • Таныг яллаад таны хувийн хөрөнгийг улсад авлаа. Надад падгүй ээ. Шорондоо явна.

Бид заавал талбай дээр гарч жагсах албагүй. Сошиал хэрэглээ өндөртэй улс учраас үзэл бодол, өөрийн өнцөг, саналуудаа идэвхтэй илэрхийлж байх нь чухал. Гэхдээ энэ нь “барьж хориоч ээ, цаазлаач ээ” зэрэг харааж, ерөөсөн бус. Ажил болон гэр бүлийнхээ орчинд ч гэрэл асаах хэрэгтэй. Бидний урдхаа хийе, бусад нь хамаагүй гэх хандлага биднийг мөхөөж байна.

Амьтны хормой, хотны хэрэг дээр ам, хэлээ уралдуулах бус:

  • Үрэлгэн төсөв дээр хошуу нэмдэг байя
  • Авлига, хээл хахууль дээр шүүмжлэлтэй байя
  • Ардчилсан улс, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөн дээр хатуу байя
  • Дандаа 2 оронтой тоонд явж, орлогыг сэгсэрч буй инфляц дээр хашхиръя
  • Сүүлийн 10 жилд огт өөрчлөөгүй зээлийн хүүн дээр шаардъя
  • Ядуурал, ажилгүйдэл, архидалт гээд ужгирсан хавдар дээр хоёр гараа өргөе.

Ер нь дэлхий ертөнцийн уур амьсгал “Надад падгүй ээ, улсаа бодоцгооё” гэдэг рүүгээ шилжлээ. Дүрэмгүй дэлхийд Монголыг хэн ч бодохгүй. Монголыг зөвхөн Монгол хүн бид л бодох болно. Тиймээс нийгмээсээ зайтай мэт, нийгмийн нэг хэсэг биш мэт амьдардаг хандлагаа өөрчилье.