Индэр    
2025 оны 10 сарын 1
Зураг
Эдийн засагч, шинжээч

200 минутын хот

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний нас тоотой. Цаг хугацаа үнэтэй. Гэвч бид өөрт олдсон 24 цагийн дөрвөн цагийг зам дээр өнгөрөөдөг.

Өглөө ажил хөөцөлдөхөөр гарвал гурван ажлын нэгийг нь л бүтээж чадна. Машины шатахуун давхихад биш түгжрэхэд зарцуулагддаг. Ер нь бол манай амьдралын көүч нар тусгай хөтөлбөр гаргах хэрэгтэй. Түгжрэлд суурилсан амьдралын хэв маяг гэдэг ч юм уу. Хотод бид 200 минут түгжирч байхад хотоос хүн гараад Хэнтий орж байна, Сөүл рүү нисээд бууж байна. А цэгээс Б цэг хүрдэг өгүүлбэртэй бодлогод Улаанбаатарыг лав жишээ болгохгүй биз. Бүтээмжийг ховх сордог 200 минутын хот. Юуны чинь хөгжил, дэвшил хол хэвтэнэ.

Томчуудад ийм байхад хүүхдэд ирэх ачаалал бүр хэд дахин их. Хар үүрээр нойр дутуу сэрнэ. Харуй бүрийд гэртээ ирнэ. Юун хичээл ном, ядраад унтахаа бодно. Үр дүнд нь сурлагын дүн мууддаг гэх олон судалгаа бий. Хүүхдийн амьсгалах зайд бол дан машины утаа(нийслэлийн утааны 20%). Замаар алхаад шууд л амьсгална. Замын түгжрэлд давсгаа мэд гэх зүйр үг гаргавал таарна. Хүний эрүүл мэндэд яаж хортой нөлөөлж буйн эхний шинж.

Бүтээмжийг ховх сордог 200 минутын хот. Юуны чинь хөгжил, дэвшил хол хэвтэнэ.

Харин манай ихэс дээдэс бол арай л өөрөөр өглөөг угтдаг. Гэрээсээ гараад л хамгаалагч нар нь хаалгыг нь онгойлгож, машинд суулгана. Зам дээр ногоон гэрлээр татуулсаар саарал ордон руу орж ирдэг. Ийм байхад тэдний хувьд “20 минутын хот” шиг бодогдох нь зөв биз. Би лав буруутгахгүй.

2000 онд Монголын гурван өрхөд нэг машин ногдож байсан бол өнөөдөр өрх бүр машинтай болжээ. Энэ нь бүс нутгийн дунджаас өндөр байгаа юм. 2012 онд замын түгжрэл бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалтын журмыг нийслэлээс гаргаж байв. Гэвч энэ журмын нөлөөгөөр “кобра эффект” үүсэж, өрхүүд хоёр дахь машинаа авах, дугаарын наймаа гаарах зэрэг дагавар үзэгдэл илэрсэн юм. Одоо ч ийм шийдвэрүүд гарсаар л байна.

Гайхамшиг үргэлжилсээр гэдэг бил үү.