2013 оны “47 Ронин” киноны найруулагч Карл Эрик Ринш саяхан Нэтфликс компанийг луйвардсан хэргээр Калифорни мужид баривчлагджээ.
Түүнийг стриминг платформын компаниас их хэмжээний мөнгө луйвардсан, мөнгө угаасан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаж, Манхэттэн дэх холбооны шүүхээс баривчлах захирамж гаргасныг Мягмар гарагт хэрэгжүүлсэн юм байна. Хэрвээ бүх хэрэгт буруутай нь тогтоогдвол тэр 90 хүртэл жилийн хорих ял сонсох ажээ.
Нэтфликс компани 2018-2019 онуудад шинжлэх ухааны уран зөгнөлийн “White Horse” цувралыг бүтээлгэх зорилгоор Риншд нийтдээ $44 саяыг төлж байсныг прокурорын бичиг баримтад дурдсан байна.
2020 оны гуравдугаар сард уран бүтээлээ дуусгахад нэмэлт мөнгө хэрэгтэй болсон шалтгаанаар Ринш дахин $11 саяыг Нэтфликсээс авч байжээ.
Гэвч Ринш мөнгөө авсан даруйдаа хувийн дансандаа шилжүүлж, эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулж, тансаг ангиллын эд зүйлс худалдаж авахад үрснийг мөрдөгчид шалгаж тогтоосон байна.
Тухайлбал тэр маш өндөр эрсдэлтэй хувьцааны арилжаа явуулсны улмаас хоёр сар хүрэхгүй хугацаанд $11 саяынхаа талаас илүү хэсгийг алджээ.
2021 онд тэр үлдсэн мөнгөөрөө криптовалют авсан нь харин асар их ашиг өгсөн байна.
Тухайлбал тэрбумтан Илон Маскийн дэмжиж байсан Dogecoin-ийг авсан Ринш $4 саяыг $27 сая орчимд хүргэн өсгөж чаджээ.
Ингээд Риншийн тансаглал эхэлсэн байна.
Тэрбээр олсон ашгаасаа $2.4 саяар таван ширхэг Rolls-Royce, нэг Ferrari автомашин, $652,000-аар бугуйн цаг, хувцас, $638,000-аар орны хоёр матраас, $3.8 саяар тавилга, эртний эдлэл, бас $1 саяар Нэтфликсээс дахин мөнгө нэхэх зорилгоор өмгөөлөгч хөлсөлж байжээ.
Ингэж үрсэн мөнгөний нийт хэмжээ нь $10 сая орчим болсныг прокурорын бичиг баримт харуулж байна.
Мөн Нэтфликсээс луйвардаж авсан мөнгөө Ринш буцааж төлөөгүй, “White Horse” цувралаа дуусгаагүйг нь дээрх баримтад дурджээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!