Өчигдөр буюу Пүрэв гарагт Лондон хотноо ирээдүйд Украинд байгуулагдах энхийн гэрээг цэргийн нэгдсэн хүчээр сахиулах зорилготой улс орнуудын батлан хамгаалахын сайд нарын уулзалт эхэлжээ.
Уг уулзалтад оролцсоныхоо дараа Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер дайныг зогсоох ямар ч гэрээ байгуулагдсан түүнийг хамгаалаагүй тохиолдолд удаан үргэлжилж чадахгүйг хэлсэн байна.
Өчигдөр Лондон хотын Нортвүүд дэх Британийн армийн удирдлагын төвд Украинд цэрэг оруулахыг дэмжиж буй 20 гаруй улсын зэвсэгт хүчний төлөөлөгчид хаалттай хуралдаж эхэлсэн юм.
“Ардаа ямар нэг баталгаагүй гэрээг Путин зөрчих нь тодорхойг бид сайн ойлгож байгаа тул энэ бол маш чухал ажил юм. Өмнө нь ч ийм зүйл тохиолдож байсан. Цаашдаа ч дахин тохиолдоно гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж Кэйр Стармер хэлжээ.
Ингэхдээ тэр Их Британи улс Эстони зэрэг улсуудад байрлаж буй цэргийн хүчээ Украин руу татахгүй, шинээр илгээхийг амласан юм. “Бид бусад улс орнуудын өмнө хүлээсэн үүргээсээ ухрахгүй” гэж тэр үүнийгээ тайлбарласан байна.
Их Британийн засгийн газар энэ сарын эхээр Украины энхийн гэрээг сахиулах ажиллагаанд оролцохыг дэмжиж буй орнуудын дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулахад 26 улс оролцсон юм.
Британийн эрх баригчид энэ орнуудын нэгдлийг “хүсэл зорилгын эвсэл” (coalition of the willing) гэж нэрлэж байгаа.
Украинд байрлах цэргийн хүчийг “энхийг сахиулах” гэхээсээ илүү “баталгаа өгөх” үүрэгтэй хүч гэж нэрлэх ёстойг дипломат эх сурвалжууд мэдээлж байна.
Лондонд эхэлсэн уулзалт “Украины тэнгэр, далай, хуурай газрыг хэрхэн аюулгүй байлгахад” төвлөрч байгааг Стармер бас хэлжээ.
Тухайлбал Их Британи улс Украины агаарт дэг журам тогтоохын тулд “Typhoon” сөнөөгч тийрэлтэт онгоцнуудаа илгээх хувилбар яригдаж байгааг “Daily Telegraph” сонин өчигдөр мэдээлсэн байна.
Уулзалт эхлэхийн өмнө Их Британийн зэвсэгт хүчний сайд Люк Поллард “Бид Британийн хэчнээн цэргийг Украинд илгээх талаар хараахан яриагүй байгаа. Ямар бүтэц бүрэлдэхүүнтэй хүч илгээхээ эхэлж шийдэхээр ажиллаж байна. Жишээлбэл нэг улс Typhoon шиг тийрэлтэт онгоц илгээхээр бол бусад улсууд яаж хамтран ажиллах, тэдгээрийн түлшийг хаана цэнэглэх гэх мэт асуудлууд гарч ирж байна” гэж ярьжээ.
Өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ирэх Даваа гарагт өөрийнх нь төлөөлөгчид Саудын Араб улсад АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахаар болсныг мэдээлсэн юм.
Энэ өдөр бас АНУ-ОХУ-ын засгийн газрын төлөөлөгчид тус улсад тусдаа уулзахаар болжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!