УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн У.Отгонбаяр "Малчны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэх асуудал уулзалт бүр дээр гарч байна. Тэр дундаа малчин өрхийн нэг хүүхэд их дээд сургуульд үнэ төлбөргүй сурах боломжтой гэх заалт хуульд бий. Энэ заалтын хэрэгжилт ямар шатандаа явж байгаа вэ" хэмээн асуув.
Түүний асуултад Боловсролын сайд П.Наранбаяр "Малчны тухай хуулийн 4.2.5.малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах гэсэн заалт бий.
Бид хуулийг хэрэгжүүлэх ёстой учраас Боловсролын зээлийн сангийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа. Ингэснээр 2025 оны есдүгээр 1-нээс эхэлж, хуульд заасны дагуу үнэ төлбөргүй сургах болно. Тиймээс бид бэлтгэл ажил хангаж байна" гэж хариуллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!