Судлаач Ж.Соёмбо болон Ж.Төртүвшин нарын хамтын бүтээл "Чингис хааны тагнуулын нууц товчоо" уншигчдын хүртээл болох цаг тун дөхжээ.
Тус ном нь "Монголын нууц товчоо" зохиолыг тагнуул судлал талаас нь судалж, Их эзэн Чингис хааны тагнуулын үйл ажиллагаатай холбоотой тухайлбал, тагнуулын хуурч төөрөгдүүлэх аргууд, хүн судлал, нөхцөл байдлын шинжилгээ, нүүдэлчин сэтгэлгээ тагнуулын ажлын төсөөтэй талуудыг орчин үеийн онолоор тайлбарлан, сонирхолтой дүн шинжилгээ хийгдсэн юм.
Уг бүтээлийн хэсгээс толилуулж байна.
Чингис хааны дэлхийн талыг эзэлсний нууц нь хааны өөрөө гардан удирдаж байсан тагнуулын үйл ажиллагаатай шууд холбоотой юм. Тэрбээр орчин цагт хэрэглэгдэж буй тагнуулын мэдээ, мэдээлэл олох аргууд болох хуурч төөрөгдүүлэх, сэтгэл зүйн дайн хийх зэргийг XIII зуунд байж болох хамгийн төгс хувилбараар зохион байгуулсан байна. Тухайлбал Чингис хаан тагнуулын хуурч, төөрөгдүүлэх ажиллагааг чадварлаг зохион байгуулж, өөрийн цэргийн хүч чадлын дутууг эсрэг талаа гэнэдүүлэх, сонор сэрэмжийг нь алдагдуулах, зохиомол орчин бий болгож, хуурамч мэдээ тараах, айлган сүрдүүлэх зэргээр маш нарийн боловсруулсан тусгай арга хэмжээгээр нөхөж чаддаг байжээ.
Чингис хааны зохион байгуулсан “СААРАЛ АГТ” тагнуулын хуурч төөрөгдүүлэх арга хэмжээ тусгай албадын хувьд маш сонирхолтой үйл явдал юм.
1204 оны хулгана жил, зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр Чингис хаан тугаа тахиж мордоод, их цэрэг хөдлөхөөс өмнө Зэв, Хубилай нарыг Хэрлэн өөд тагнуулын үүрэг гүйцэтгүүлэх даалгавартай илгээжээ.Тэдний гүйцэтгэсэн үүрэгт дүн шинжилгээ хийвэл тагнуулын арга хэмжээг газар дээр нь зохион байгуулах, эсрэг талынхаа байр байдал, газар орныг биечлэн судалж, байлдааны арга ажиллагаа төлөвлөх чадвар, эрх мэдэлтэй хүнийг тусгайлсан даалгавартайгаар тодорхой нутаг дэвсгэрт илгээхийг “алхинчлуулах” гэдэг байжээ. “Монголын нууц товчоо”-ны 193 дугаар зүйлд тэмдэглэснээс үзвэл Зэв, Хубилай нар Найманыг хуурч төөрөгдүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулжээ. Тагнуулчид хааны зааварчилж, үүрэг болгосны дагуу “Саарь хээр-”т хүрч, “Ханхархан” гэдэг газар байсан Найманы харуултай гэнэт таарсан байна. Хоёр тал харилцан тулалдаж байгаад Хубилай нар эсрэг талын харуулд эмээлтэй, эцэнхий, саарал морио зориудаар үлдээгээд зугтсан аж.
Туранхай саарал агт дайсанд азтай тохиолдлоор олдож буй мэт сэтгэгдэл төрүүлж, арга хэмжээний төлөвлөгөө ямар ч өө сэвгүй, бодитой мэт зохион байгуулагджээ.
Уг арга хэмжээ нь
Найманы харуулын цэрэг саарал агтыг барьж аваад, Таян ханыг “Хангайн Хачир ус” гэдэг газар байхад “Чингис хааны цэргийн агт морьд туранхай байна” гэсэн хэл хүргэхэд Таян хан мэдээтэй танилцаад “ Монголын агт туранхай ажээ. Хар муусайн монголтой Хатгалдаж нэгэнт эхэлбэл Хагацахад бэрх болно. Хацрыг жадалж байвч Харсан нүдээ цавчдаггүй Хар цусаа урсаж байвч Харьж огт буцдаггүй Хатуужил ихт монголтой Хамаагүй байлдаж болохгүй” хэмээгээд “Одоо Монголын агт туранхай байна. Бид улсаа Алтай давуулан хөдөлгөж, цэргээ засацгааж, монголчуудыг өдөөн даллаж, Алтайн өлгийг хүртэл нохой хэрэл хэрж, займруулан чирэгдүүлж аваачвал бидний агт тарган тул гэдэс татран шавхарна. Монголын агт улам туранхилан ядрах болно” гэжээ. Энэ нь Таян хан тагнуулын хуурч төөрөгдүүлэх ажиллагаа явагдаж буйг огт сэжиглээгүйг илтгэх ба мэдээний мөрөөр Чингис хаанд ашигтай шийдвэр гаргасан нь арга хэмжээний зорилго биелж, дайсныг ялах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Бичсэн: Судлаач Ж.Соёмбо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!