Тайландын эрх баригчид нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгын хүрээнд электрон тамхины хэрэглээтэй тэмцэх шинэ арга хэмжээ нэвтрүүлжээ.
Тус улсын засгийн газар олон нийтийн газарт электрон тамхи татаж буй хүний тухай мэдээлэл өгсөн хүнийг торгуулийн дүнгийн 60 хувиар шагнах журмыг Лхагва гарагт танилцуулсан байна.
Тухайлбал хууль зөрчигч 5,000 батаар ($147) торгуулбал 3,000 бат нь мэдээлэгчийн шагнал болох ажээ.
Тайландын засгийн газар мэдээлэгчдэд зориулсан гар утасны аппликэйшн нэвтрүүлэхээр болсон байна.
Электрон тамхи борлуулагч болон хууль бусаар хил нэвтрүүлэгчдийг бас хатуу шийтгэхээр болжээ.
Электрон тамхи зарж борлуулбал гурав хүртэл жилийн хорих ял сонсож, 600,000 хүртэл батын торгууль хүлээхээр болж байна.
Харин хууль бус замаар хил нэвтрүүлсэн тохиолдолд 10 жилийн хорих ял, нэвтрүүлэхийг завдсан бүтээгдэхүүнийх нь үнийн дүнг тав дахин өсгөсөн хэмжээтэй торгууль оногдуулахаар болжээ.
Өнгөрсөн сард Тайландын ерөнхий сайд Патонгтарн Шинаватра электрон тамхитай хийх тэмцлийг 30 хоногийн дотор эрчимжүүлэх даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм.
Үүний дараа хэрэгжсэн долоо хоногийн хугацаатай ажиллагааны үеэр 690 борлуулагчийг баривчилж, 41 сая батын дүнтэй бүтээгдэхүүн хурааж байв.
Бас аялал жуулчлалын төв Паттаяагийн ойролцоох боомтын гаалийн албаныхан 21.8 сая батын үнэ бүхий электрон тамхи хураажээ.
Энэ үеэр тавилга нэрийн дор ачааны бүрдүүлэлт хийсэн 120,000 электрон тамхи бүхий чингэлгүүдийг илрүүлэн битүүмжилсэн байна.
Хэдийгээр Тайландын засгийн газар электрон тамхийг хориглохоор тэмцэж байгаа ч тус улсын парламентын зарим гишүүд үүнийг хуульчлах ёстой гэж үзэж байна.
Энэ асуудлаар байгуулагдсан парламентын түр хороо өнгөрсөн долоо хоногт электрон тамхийг хуульчлах саналаа засгийн газарт илгээжээ.
Түр хорооны 35 гишүүний 26 нь электрон тамхины хоригийг цуцалж, шаардлагатай хууль тогтоомж батлахыг дэмжсэн байна.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|