Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 114, сэжигтэй тохиолдол 123-д хүрснийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээлэв.
Батлагдсан тохиолдлуудаас 32 нь эдгэрчээ.
Өмнөговь, Дундговь болон Улаанбаатарт голомтлон гарч буй тул өвчний голомтыг хумих зорилгоор дархлаажуулалтыг идэвхжүүлж, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл багтсан багийг орон нутагт ажиллуулж байгаа аж.
Үүний үр дүнд вакцины хамрагдалт, нөхөн дархлаажуулалт 20-30 хувиар нэмэгджээ.
Түүнчлэн салхинцэцэг, хоолны хордлого ихсэж байгааг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлэв. Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ ханиах, халуурах, хоолой өвдөх зэрэг зовуурь илэрсэн бол эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөлөө.
Улаанбурхан өвчний тохиолдлуудыг насны ангиллаар авч үзвэл 10-14 насанд илүүтэй тохиолдож байгааг ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа хэлэв.
Тэрбээр "Халдвар авсан хүүхдүүдийн тархвар судлал болон вакцины өгүүлэмжийг харахад нэг тунд хамрагдсан эсвэл огт хийлгээгүй байна. Иймээс дархлаажуулалтад бүрэн хамрагдах нь чухал. Нийслэл, дүүргүүдийн эрүүл мэндийн төв долоо хоног нэг удаа товлолын вакцин хийдэг байсан бол гурван долоо хоногийн өмнөөс эхлэн өдөр бүр хийж байгаа. Мөн дийлэнх аймаг өдөр бүр дархлаажуулалт хийж байна" гэлээ.
Одоогоор нийслэлийн 22 сургуульд улаанбурханы өвчлөл бүртгэгдээд байна. Халдварлалт өндөртэй өвчин тул сургууль, цэцэрлэгийн орчныг онцгойлон хянаж, ирцийн болон шинж тэмдгийн тандалтыг мэргэжлийн байгууллагууд хийж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!