УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрчим хүчний үнийн талаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Өнгөрсөн онд Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар манай бүлэг дээр орж ирж эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудлаар мэдээлэл өгсөн.
Би тэр үед “Хүнд суртал бий болгодог албан тушаалтнуудаа солиогүй цагт төрийн өмчийн компанид байгаа том дээрмийг байхгүй болгож, үнийг чөлөөлж чадахгүй. Маш яаралтай дотоод аудитын даргаа солиод Эрчим хүчний яамны авлигажсан түшмэлүүд, төрийн өмчийн компанийн нөхдийг бүгдийг нь шалгуулж байж үнийн өөрчлөлтийг хийгээрэй” гэж захисан. Гэвч харамсалтай нь тэгээгүй.
Өнөөдөр эрчим хүчний салбарт дэндүү их луйвар байна. Жишээ нь, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний баруун бүсийн захирал болгоод өгөөч 300 саяыг өгье гээд явж байдаг юм билээ. Төрийн өмчийн компанид бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж шахдаг бүхэл бүтэн сүлжээ бий болчихсон. Нэг тэрбум төгрөгийн бараа өндөр үнээр шахаад, жаахан байж байгаад 200 сая төгрөгийн барааг нь хэрэглэсэн гэж хулгайлаад буцаачихдаг.
Би нэлээн аргаа барж байж 9.5 тэрбум төгрөгийг Ховд аймгийн Дулааны цахилгаан станцыг өргөтгөхөөр улсын төсөлт тавиулахад Н.Тавинбэх сайдын үед тэдний албан тушаалтнууд гурван цүнхний компанид өгөөд өнөөдөр Ховдын ард түмэн хохироод байж байна.
Ийм байдалтайгаар эрчим хүчний салбарын авлигач, луйварчдаас салаагүй цагт эрчим хүчний үнэ буухгүй. Монголын ард түмэн авлигачдын мөнгийг төлж байна. 200 мянган төгрөг төлдөг байсан иргэн 800-900 мянган төгрөг төлдөг болсон. Тиймээс Б.Чойжилсүрэн сайд аа, дотоод аудитаа яаралтай соль" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
|