Энэ 3 дугаар сарын 18-ны өдөр болж өнгөрсөн “Менежмент Форум”-аас “Бадрах Энержи” компанийг Шилдэг хөрөнгө оруулагчаар шалгаруулсан байна. Шагналыг “Бадрах Энержи” компанийн захирал Марк Мелеард гардан авав. Тэрбээр шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагч Орано групп бүрэн хариуцах ба төсөл 1600 шинэ ажлын байр бий болгоно,” гэдгийг онцолсон юм.
Баялаг бүтээгч-бизнес эрхлэгчдийн туршлага, ур чадварыг хуваалцан, солилцдог “Менежментийн Форум” уулзалтад манай улсын хувийн хэвшлийн төлөөлөл болсон томоохон 150 аж ахуйн нэгжийн 250 гаруй төлөөлөл оролцож, эдийн засгийн эрсдэл, ажиллах хүчний хямрал болон хомсдол, хиймэл оюун ухаан ба түүний хэрэглээний талаар хэлэлцүүлэг хийв.
Форумаар Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол улсын эдийн засгийн эрсдлийг 2025-2026 оны төлөвийг танилцуулсан бол Монгол Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Монгол улсын ажиллах хүчний хомсдол болон хүний нөөцийн гарц шийдлийн талаар илтгэл тавьжээ.
“Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж байгаа Зөөвч-Овоо төсөлд хамаарах Хөрөнгө оруулалтын гэрээг энэ оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч талтай байгуулсан билээ. Ингэснээр манай улсын хувьд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бүхий хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээний болж байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол Улс төслийн үр өгөөжийн дийлэнхийг татвар хураамж, АМНАТ болон ноогдол ашгаар дамжуулан төвлөрүүлэх ба төслийн бүтээн байгуулалт барилгын ажлууд энэ жилдээ эхлэх юм байна.