UB palace буюу Улаанбаатар паласын газар энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хурд стандарт ХХК-д шилжсэн. Тус компани нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани юм.
Улмаар энэ сараас тус барилгыг нураах ажил эхэлсэн юм. Үүнийг эсэргүүцэж Баянгол дүүргийн VI хорооны иргэн Т.Золбоот өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манайх UB Palace-ын чанх урд талынх нь байр. Энд амьдраад 17 жил болж байна. Тэр үед энэ орчинд ийм ачаалалтай байгаагүй. Яг энэ байршилд 6,000 орчим өрх амьдарч байгаа.
UB Palace дээр тоглолттой өдөр гэртээ орох гэж 30 минутаас 1 цаг орчим зарцуулдаг. Одоо нураагдах гэж буй UB Palace-ын газрын зориулалт нь худалдаа үйлчилгээ, соёл урлагийн төвийн зөвшөөрөлтэй. Гэтэл одоогоор соёл урлагийн цогцолбороос гадна орон сууц баригдана гэсэн мэдээлэл яваад байна.
Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хууль гэж бий. Уг хуулийн зургаадугаар зүйлийн тавд зааснаар "нягтаршлын хязгаарлалтыг давсан ийм орчинд дэд бүтэц, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолоос бусад барилга барих зөвшөөрөл өгөхийг хориглоно" гэж байдаг. Уг заалтыг зөрчиж байна.
Хоёрдугаарт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын 2023 оны зургаадугаар сарын 21-нд гаргасан тогтоол байдаг. Энэ тогтоолд нийслэл хотын хэмжээнд нягтаршлын хэмжээг давсан 88 байршлыг тогтоосон. Энд UB Palace-ын орчим энэ байршил багтсан.
Одоогоор зөвшөөрлөө аваагүй байж барилгажилтын үйл ажиллагаа эхэлж байгаа харагдаж байна. Үүнийг оршин суугчийн хувьд эсэргүүцэж байгаа юм.
Тиймээс цаашид ямар барилга барих талаар оршин суугчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!