Уншиж байна ...

Нийслэлийн есөн дүүргийн 1,858 хэсгийн ахлагчийн сарын цалинг ₮200 мянгаар нэмэгдүүлэх саналыг НИТХ хэлэлцэхээр болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлд буддын шашин, христ зэрэг нийт 39 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр газруудын тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхийг зөвлөлийн гишүүд дэмжжээ.

Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн 204 хороонд нийт 1,858 хэсгийн ахлагч ажилладаг бөгөөд тэдний цалинг 200,000 төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Нэг хэсгийн ахлагч гэр хороололд дунджаар 200-250 өрх, орон сууцны хороололд 250-300 өрх хариуцаж төрийн бодлого, шийдвэр, нийслэл, дүүргээс зохион байгуулж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шуурхай хүргэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж сарын 1,000,000 төгрөгийн урамшуулал буюу цалинтай. Энэхүү урамшууллыг 1,200,000 төгрөг болгох асуудлыг НИТХ-аар хэлэлцэж, шийдвэрлэхээр болжээ.

Тухайн асуудалд НИТХ-ын төлөөлөгч, зөвлөлийн гишүүн З.Төмөртөмөө “Хэсгийн ахлагч нар маш ачаалалтай ажилладаг. Нэг хүн хорооны 200, 300 өрхөд хүрч ажиллана гэдэг хэцүү. Тиймээс урамшууллыг нэмэх нь зүйтэй. Гэхдээ хэсгийн ахлагч нарын хариуцаж буй хороог тодорхой хугацаагаар сэлгэж, солих хэрэгтэй. Тэгэхгүй бол олон жил нэг хороондоо ажиллахаар аливаа тусламж, дэмжлэгийг танилын хүрээллээр өгөх, эсвэл улс төрийн зорилготой ажиллах зэрэг сөрөг тал үүсэх эрсдэлтэй” гэв.

Харин Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог ямар үндэслэлээр нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт НИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулах үүрэг хүлээжээ.

НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар 

  1. Сүм хийдийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай
  2. Хорооны хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмэх тухай
  3. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай
  4. Нийслэлийн газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлтийн тухай
  5. Төслийн хэрэгжилтийг хангах тухай
  6. Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт
  7. Зөөврийн ус түгээх байрыг нийслэлийн өмчид авах тухай
  8. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 327 дугаар цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид авах тухай
  9. Шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг бүртгэх тухай
  10. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай
  11. Нийслэлийн Онцгой байдлын газрын түүхт ой тэмдэглэх тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах юм байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл нь НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч З.Төмөртөмөө, Б.Сэргэлэнбаатар, Б.Дөлгөөн, Г.Ууганбаяр, Т.Отгонболд, О.Зундуйдорж долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан билээ.