Уншиж байна ...
Зураг
Зураг

Ж.Төмөрмандах: Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт халиа тошингийн аюулын түвшин "Маш их" гэж үнэлэгдлээ

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 8 цаг 00 минут
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар нийслэлийн хэмжээнд үүссэн халиа тошингийн аюул, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Энэ талаар НОБГ-ын Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах ''Нийслэлийн хэмжээнд зургаан дүүргийн 38 хорооны 47 байршилд халиа тошин үүсэж, Геодези усны барилга байгууламжийн газар болон холбогдох албаныхан тогтмол үзлэг хийж холбогдох арга хэмжээг авч байна.

Сонгинохайрхан дүүргийн 9, Чингэлтэйд 8 хорооны 15 байршил, Сүхбаатар дүүргийн зургаан байршилд халиа тошин үүссэн. Үүнээс Хан-Уул, Баянзүрх дүүрэгт үүссэн халиа тошингийн аюулын түвшин дунд, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийнх маш их аюултай гэж үнэлэгдлээ. Бусад дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн халиа тошингийн аюулын үнэлгээ маш бага. Ерөнхий үнэлгээ дунд байна.

Сонгинохайрхан дүүрэгт 160, Чингэлтэйд 69, Сүхбаатар дүүрэгт 28, Баянзүрх дүүрэгт 19 нэгж талбар халиа тошингийн үерт өртсөн. Бусад дүүрэгт өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад халиа тошинд өртөх нь бага байна.

2024 онд халиа тошинд өртөх нь өндөр байсан бол энэ жил бага байлаа.

Халиа тошин үүссэн 47 байршилд агаарын өндөр нарийвчлалтай байр зүйн болон өндөршлийн зургийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, эрсдэл бүхий айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, халиа тошин гарснаас шалтгаалан бохирын цооног, жорлон хальсны улмаас усны эх үүсвэр, нян, вирус шимэгчээр бохирдож урвах тахал, цусан суулга, халдварт шар болон халдварын тархалт өвчин нэмэгдэх эрсдэл өндөр байгааг харгалзан ариутгал, халдваргүйтгэл хийх шаардлагатай байна" гэв.

зураг
 

"Толгойт, Нарангийн гол орчмын айл өрхийг нүүлгэн шилжүүлэх мэдэгдлийг өгч, тэдэнтэй тохиролцсон. Голын савд байгаа айлыг нүүлгэн шилжүүлж халиа тошинд өртөх эрсдэлийг зогсооно" гэж УБЗАА-ны хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл танилцуулсан юм.

Мэргэжлийн байгууллагынхны танилцуулсан нөхцөл байдлыг үндэслэж Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаас халиа тошин үүссэн таван дүүргийн 28 хороонд гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл гамшгийн шар түвшнийг тогтоохоор болов.