Даваа гарагт АНУ-ын Миннеаполис хотоос Канадын Торонто хотод ирсэн Delta Air Lines компанийн зорчигч тээврийн нисэх онгоц газардах үеэрээ осолдсон билээ.
Онгоц бүрэн хөмөрсөн ч бүх зорчигчид нь амьд гарсан юм.
Тухайн үед онгоцонд 76 зорчигч, нисэх багийн дөрвөн ажилтан, нийт 80 хүн зорчиж байжээ.
Онгоц чухам яагаад хөмөрснийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.
Тэгвэл өчигдөр Delta Air Lines компани тус онгоцны зорчигч бүрд ямар нэг нөхцөл болзолгүйгээр $30,000-ын нөхөн олговор төлөх шийдвэрээ зарлажээ.
Зорчигчдоос 21 хүн бэртсэний гурвынх нь биеийн байдал хүнд байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгвэл өчигдрийн байдлаар тэд бүгд эмнэлгээс гарсан байна.
Delta Air Lines компанийн хуульч Винсент Женова уг мөнгийг зорчигчдын богино хугацааны санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх зориулалттай “урьдчилгаа” бөгөөд сүүлд эцэслэн тогтоогдох нөхөн төлбөрөөс хасагдахыг тайлбарлажээ.
Delta Air Lines компанийн гүйцэтгэх захирал Эд Бастиан ослын үеэр нисгэгчдээ “баатарлаг” эр зориг гаргаж, мэргэжлийн ур чадвартай ажилласныг магтсан байна.
Тэрбээр осолд өртсөн зорчигчдод үргэлжлүүлэн туслахаа амлажээ.
Ослын дүрс бичлэгийг шинжилсэн мэргэжилтнүүд өвлийн хүйтэн ширүүн цаг агаарын нөхцөл байдал, онгоц хэт хурдтай газардсан зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байна.
Онгоцны хар хайрцгуудыг олж авсны дараа Лхагва гарагийн орой сэгийг нь нисэх буудлын талбайгаас гаргажээ.
Энэхүү осол нь сүүлийн гурван долоо хоногийн дотор Умард Америкт гарсан дөрөв дэх томоохон агаарын тээврийн осол юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!