Уншиж байна ...
Зураг

Х.Нямбаатар: Халиа тошин үүссэн байршилд байгаа айл өрхүүд нүүх нь зүйтэй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсжээ буй. Эдгээр байршилд холбогдох мэргэжлийн байгууллагаас суваг татаж, далан босгож буй ч хүн хүч, техник нь хүрэлцэхгүй байгаа аж.

Энэ талаар “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан: Өчигдөр Дэнжийн мянгын гуравдугаар сувагт үүссэн халиа тошин хайлж гараашны доогуур ус нэвчлээ гэсэн дуудлагын дагуу ажиллаж, 450 метр газарт суваг татаж хэвийн байдалд орууллаа.

Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн нийслэлийн халиа тошин үүссэн газарт ажиллаж байгаа юм. Одоогоор 12 машин механизм, 25 хүний бүрэлдэхүүнтэй инженер, техникийн ажилтнууд хуваарийн дагуу ажиллаж сувагчлалаас гарсан мөсөөр далан хаалт хийх, аюултай хэмжээнд байгаа мөсийг зөөж, тээвэрлэж байна.

Халиа тошин үүсэх байдал гуравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Үүнээс хойш шар усны үерийн үе эхэлдэг. Халиа тошин үүссэн байршлуудын мөсийг сувагчилж хаяагүйгээс давж шар усны үер болох магадлал өндөр байдаг.

 "Геодези, усны барилга, байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер Д.Ариунбаатар "Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах гурван чиглэлээр төлөвлөгөө гаргасан. Үерийн далан, авто замын борооны ус зайлуулах шугам, хөрсний ус зайлуулах шугамыг барихаар төлөвлөсөн юм. Эдгээрийг байгуулахын тулд газар чөлөөлөлт болон төсөвт саналаа өгч байна.

Улаанбаатар хотын 46 байршилд халиа тошин үүссэн нь энэ хэмжээгээр шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байгаа юм. Манай байгууллагаас халиа тошин үүссэн 46 байршилд ажиллах хүн хүч, техникийг нэмэгдүүлэх саналаа НЗДТГ-т хүргүүллээ" гэж ярив.

Харин хотын дарга Х.Нямбаатар "Энэ жил хотын хэмжээнд таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсэж, нийслэл, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагын давхардсан тоогоор 256 ажилтан албан хаагч, 113 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Энэ залуус 110 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлж, 93 айл өрхийн газрыг чөлөөлүүлэх, нүүлгэн шилжүүлэх дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээ авч байгаа юм.

Сүүлийн жилүүдэд хур тунадас ихтэйгээс халиа тошин үүсэх, хөрсний ус гарах тохиолдлууд ихсэж байна. Зарим газарт 2-3 метрээс хөрсний ус гарах тохиолдол ч байна. Иймд халиа тошин үүссэн байршлуудад байгаа айл өрхүүд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөр газарт нүүж суурьших нь зүйтэй.

Геодези, усны барилга байгууламжийн газрын ажилтнууд болон дүүргүүд дэх онцгой байдлын хэлтсийн алба хаагчид мөс, шуудуу ухаж, аюулыг түр холдуулж байгаа.

Бид цаашид эдгээр эрсдэлтэй байршилд байгаа айл өрхүүдийг аюулгүй бүсүүдэд нүүлгэн шилжүүлэх, тухайн бүсэд үерийн далан суваг, шуудуу бэлтгэх, одоо байгааг засаж сайжруулах ажлыг хийнэ. Жил бүр мөс ухаад, суваг шуудуу татаад байж таарахгүй" гэв.