Сагсан бөмбөгийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны "С" хэсэгт учраа таарсан Монголын баг Гуамын шигшээг талбайд нь 74:63-аар буулган авлаа.
Хэсгийн тоглолтод хүснэгтийн байрыг харгалзахдаа авсан онооноос гадна хоорондын тоглолтын зөрүүг харгалзаж үздэг. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 25-нд Улаанбаатар хотод болсон эхний тоглолтод Гуамчууд 74:63-аар хожиж байв.
Тиймээс энэ тоглолтод бид өрсөлдөгчөө 12 онооны зөрүүгээр хожих хүнд даалгавартай ирсэн. Манай залуус тоглолтын эхнээс л санаачилгыг авч, гуравдугаар үе өндөрлөхөд 16 оноогоор илүүрхэж байсан юм.
Харамсалтай нь шийдвэрлэх дөрөвдүгээр үед талбайн эзэд таван оноогоор илүү гарснаар 11 онооны зөрүүгээр өндөрлөсөн.
Ингэснээр хэсгийн сүүлийн тоглолтын үр дүнгээс хамаарч, дараагийн шатанд шалгарах эрхийн төлөө өрсөлдөх эсэх нь тодорхой болох юм. Тодруулбал энэ сарын 23-нд буюу Ням гарагт Монголын шигшээ баг Японыг талбайдаа хүлээн авах бол Гуамын баг БНХАУ-ын багтай өрсөлдөнө.
Одоо хэсгийн тоглолтод авсан болон алдсан онооны зөрүүгээр хоёр багийн хувь заяа тодрох юм. Гуам таван тоглолтын нийлбэрээр 324 оноо авч, 398-ыг алдсанаар зөрүү нь -74 бол Монголын баг 313 оноо авахдаа 400 алдсанаар зөрүү -87 байна. Энэ зөрүү сүүлийн тоглолтоос шалтгаалан тэнцвэл нийт авсан оноог харна.
Э.Маргад 16 оноо, 9 удаа самбараас бөмбөг авч, тоглолтын шилдгээр тодорлоо. О.Эрдэнэцогт, Б.Билгүүн, Г.Болор-Эрдэнэ нар тус бүр 11 оноо авсан бол Гуамаас Эрнест Росс 18, Жонадан Галловай 17 оноо авчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!