Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагааг Н.Наранбаатар найруулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 2 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг удирдан зохион байгуулах найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар ахлагчтай багийг дэмжихээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас санал оруулж, Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжлээ.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан олон үндэстэн, ястны түүх уламжлал, өв соёл, төрт ёсны үнэт зүйлээ олон талаас нь харуулахын зэрэгцээ шинэ хэв маяг, агуулгыг гаргахаар зорьж байна. Тиймээс нээлт, хаалтын арга хэмжээний агуулгад онцгой анхаарч, сонирхолтой хэлбэрээр үзэгдлүүдээ бэлдэх хэрэгтэйг холбогдох албаныханд сануулсан байна.

зураг
 

Өнгөрсөн жилийн баяр наадмын арга хэмжээний гүйцэтгэлд алдаа дутагдал их гарсан учраас бэлтгэл ажил, гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ахлахаар болов. Түүнчлэн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээ, үндэсний бөхийн барилдааныг телевизүүдээр хэрхэн шууд дамжуулах асуудлыг судалж, дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Н.Наранбаатарын хувьд төрийн наадмын нээлтийн үйл ажиллагааг тав дахь удаагаа найруулахаар болов. Тэрбээр өмнө нь 2016, 2017, 2018, 2022 онд ажиллаж байв.

Үе үеийн найруулагчид

  • 1990 он: Нэрт найруулагч Г.Доржсамбуу
  • 1998 он: МУАЖ А.Дашпэлжээ
  • 1999 он: МУУГЗ Ч.Найдандорж
  • 2000, 2001 он: Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар
  • 2002 он: МУУГЗ Б.Баатар
  • 2004 он: МУУГЗ Ч.Ганхуяг
  • 2005, 2007 он: МУУГЗ Н.Болд
  • 2006 он: МУУГЗ Н.Ганхуяг
  • 2008 он: МУУГЗ Ч.Ганхуяг
  • 2010 он МУУГЗ С.Ононбат
  • 2011 он: Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар
  • 2012 он: МУУГЗ Ч.Ганхуяг
  • 2013, 2014 он: Төрийн соёрхолт Д.Сосорбарам
  • 2014 он: МУУГЗ Н.Болд
  • 2016, 2017, 2018 он: Төрийн соёрхолт Н.Наранбаатар
  • 2019 он: МУУГЗ Г.Цоггэрэл
  • 2020, 2021 он: Найруулагч Б.Баатар
  • 2022 он: Төрийн соёрхолт Н.Наранбаатар
  • 2023 он: Скин энтертайментын найруулагч Б.Анар
  • 2024 он: "Монгол Туургатан" театрын найруулагч Ц.Батнайрамдал
  • 2025 он: Төрийн соёрхолт Н.Наранбаатар