Энэтхэгийн Ганга мөрний хөвөөнд 12 жил тутамд зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том шашны цугларалт Кумбха Мела ирэх долоо хоногт өндөрлөх гэж байна.
Энэ үеэр Ганга мөрөн Ямуна голтой нийлдэг Уттар Прадеш мужийн Праяаграж хотын ойролцоо газарт хиндү шашны мөргөлчид цуглардаг. Тэд ариун гэгддэг Ганга мөрний усаар угаал үйлдэж, нүгэл хилэнцээсээ салдаг юм.
Цугларалт нэгдүгээр сарын 13-нд эхэлж, хоёрдугаар сарын 26 хүртэл үргэлжилнэ.
Өнгөрсөн хугацаанд 565 сая хүн угаал үйлдсэнийг орон нутгийн захиргаа мэдээлжээ.
Гэвч шашны энэхүү том арга хэмжээний үеэр байгаль орчин бохирдож, мөргөлчдийн дунд халдварт өвчин дэгдэх өндөр эрсдэлтэй байдаг.
Кумбха Мелаг эхлэхийн өмнөхөн Энэтхэгийн байгаль орчны газар усны бохирдлыг байнга хянаж, шаардлагатай арга хэмжээ авч байх чиглэл өгсөн юм.
Энэ сарын эхээр Энэтхэгийн төв засгийн газрын дэргэдэх CPCB (Central Pollution Control Board) зөвлөл Ганга мөрөн болон Ямуна голын усанд хийсэн шинжилгээнийхээ дүнг танилцуулжээ.
Уг тайланд хоёр голын ус хүний ялгадсаар маш хүчтэй бохирдсоныг тогтоож, угаал үйлдэхгүй байх зөвлөмж гаргасан байна.
Тухайлбал ялгадаснаас илэрдэг колиформ хэмээх бактерийн хэмжээ Ганга мөрний усанд зөвшөөрөгдөх хэмжээнээс 1,400 дахин, Ямуна голын усанд 660 дахин өндөр байсныг тогтоожээ.
CPCB голуудын усны дээжийг өөр өөр хугацаанд таван удаа авч шалгахад бохирдол огт буурахгүй байсныг тайландаа мэдээлсэн байна.
Харин өчигдөр Уттар Прадеш мужийн захирагч Ёги Адитянат уг дүгнэлтийг эрс няцааж, Ганга мөрний усанд угаал үйлдэх байтугай алгаараа хутгаж амсахад ямар ч аюулгүйг мэдэгджээ.
“Бид Праяаграж хотын бүх шугам хоолой, бохир зайлуулах хоолойг ариутгаж, цэвэршүүлсэн. Ялгадасны бактери илэрсэн нь бохирын хоолойн алдагдал, амьтны ялгадастай холбоотой байж магадгүй. Гэхдээ колиформын зөвшөөрөгдөх хэмжээ стандартын түвшинд байгаа” гэж тэр хэлсэн байна.
Захирагч бас Кумбха Мела наадмын нэр хүндийг унагах хуурамч мэдээллийн “кампанит ажил” явуулж буй сөрөг хүчнийг энэ үеэр шүүмжилжээ.
Уттар Прадеш мужийн захиргаа шашны баярыг муу зохион байгуулж байгаатай холбоотой анхны шүүмж энэ биш юм.
Нэгдүгээр сард тохиосон угаал үйлдэх хамгийн сайн өдрүүдийн нэгд мөргөлчид хэт олноороо голд орсноос 30 хүн бусдын хөлд гишгэгдэн амиа алдаж байв.
Ням гарагт Праяаграж хүрэхээр нийслэл Дели хотын төмөр замын өртөөнд олон мянган мөргөлч нэг дор цугларсны улмаас 18 хүн амиа алдсан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!