Уншиж байна ...
Зураг
Зураг

1979 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн аминд халдсан тагнуулын дарга агсны хэргийг дахин шүүх шийдвэр гарчээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 11 цаг 35 минут
iKon.MN
Зураг зураг

1979 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Чун Хигийн амийг бүрэлгэсэн тагнуулын албаны дарга агсан Ким Жэ Гюгийн хэргийг дахин шүүх шийдвэрийг тус улсын дээд шүүх өчигдөр гаргажээ.

Ким агсны гэр бүлийнхэн таван жилийн өмнө хэргийг нь дахин хянан хэлэлцэх хүсэлт гаргаж байсан нь ийнхүү шийдэгдэж байна.

Тухайн үед Солонгосын Тагнуулын Төв Газрын дарга байсан Ким 1979 оны 10 дугаар сарын 26-ны оройн зоогийн үеэр ерөнхийлөгч болон түүний хамгаалалтын албаны дарга Ча Жи Чол нарын амийг хөнөөж байжээ.

Үүнийхээ төлөө тэр 1980 оны тавдугаар сард цаазлуулсан юм.

Кимээс мэдүүлэг авахдаа мөрдөн байцаагчид эрүүдэн шүүж, бие махбодод нь халдсан болохыг баримтаар тогтоосны үндсэн дээр хэргийг дахин хэлэлцэх шийдвэр гаргаснаа дээд шүүх тайлбарлажээ.

Ерөнхийлөгч Пак Чун Хи 18 жилийн турш Өмнөд Солонгосыг хатуу гараар захирч байсан юм.

Түүний түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар маргаан одоо ч үргэлжилдэг.

Консерватив улс төрчид түүнийг улс орныхоо эдийн засгийг хурдацтай хөгжүүлсэн гавьяатай гэж үнэлдэг бол либерал улс төрчид түүнийг хүний үндсэн эрхийг ноцтой зөрчиж, сөрөг хүчнээ дарангуйлж байсан гэж буруутгадаг юм.

 

Эх сурвалж: Yonhap News