Уншиж байна ...
Зураг
Зураг

Канад улс анхныхаа өндөр хурдны төмөр зам байгуулах төслийг эхлүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 9 цаг 20 минут
iKon.MN
Зураг зураг

Канадын ерөнхий сайд Жастин Трюдо өчигдөр тус улсын анхны өндөр хурдны төмөр замын бүтээн байгуулалт эхэлж байгааг зарлажээ.

Торонто хотоос Квебек Сити хүртэл үргэлжлэх энэ шугамыг “Канадын түүхэнд хамгийн том дэд бүтцийн төсөл” гэж тэр магтсан байна.

Энэ хоёр хотыг холбосон зам дагуу нийтдээ 18 сая хүн оршин суудаг нь Канадын хүн амын 44 хувь юм.

Галт тэрэг 300 км/цаг хүртэл хурдлах боломжтой төмөр замын шугамын нийт урт 1,000 км бөгөөд Торонто, нийслэл Оттава, Монреаль, Квебек Сити хотуудад өртөөтэй байх гэнэ.

Шинэ төсөл нь Канадын зүүн бүсийн хотуудын хооронд зорчих хугацааг хоёр дахин багасгах юм байна. Тухайлбал Торонто хотоос Монреаль хүрэхэд дунджаар гурван цаг зарцуулдаг болох гэнэ.

Төслийн эхний шатанд зарцуулах 3.9 тэрбум канад долларыг ($2.75 тэрбум) засгийн газар гаргаж, гүйцэтгэгчээр Cadence компанийн тэргүүлсэн консорциум шалгарчээ.

Цаашдаа хэр их зардал гарах, төсөл хэзээ дуусах зэрэг мэдээллийг Канадын эрх баригчид өгөөгүй байна.

Cadence консорциумд CDPQ Infra, AtkinsRealis, Keolis, SYSTRA, SNCF, Voyagers, Air Canada компаниуд багтдаг ажээ.

Канадын эрх баригчид өндөр хурдны төмөр замтай болох талаар олон жил ярьсан нь одоо л ажил хэрэг болж байна.

Одоогоор төрийн өмчит Via Rail компани Канад даяар хуучирсан галт тэргээр зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулдаг.

Ингэхдээ төмөр замаа ачаа бараа тээвэрлэлттэй хуваалцдаг тул хугацааны хувьд нэлээд сааталтай байдаг юм.

 

Эх сурвалж: AFP