Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хууль 2020 онд шинэчлэн батлагдсан. Энэ дагуу тус байгууллагын зүгээс гаргаж буй шаардлага, зөвлөмжийг заавал биелүүлэх үүрэгтэй болсон. Тодруулбал хүлээн авсан албан тушаалтан, байгууллага тухайн зөвлөмж, шаардлагын дагуу зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээг заасан хугацаанд аваад ХЭҮК-т холбогдох баримт бичгийн хамт өгдөг.
Уг хуулийг мөрдөж эхэлснээс хойш ХЭҮК-ын зүгээс
Дээрх хугацаанд нийт 380 шаардлага, зөвлөмжийг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн.
Энэ талаар Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар "Манай байгууллагад ирж буй гомдол мэдээллийг шалгах ажиллагааны үр дүнд тогтоогдсон нөхцөл, удирдамжтай хяналт шалгалт, судалгаа, гишүүдийн санаачилгаар шаардлага, зөвлөмжийг холбогдох албан тушаалтанд хүргүүлдэг.
Өнгөрсөн 2024 онд гомдол мэдээллийн дагуу хүний эрхийн зөрчлийг арилгах, таслан зогсоох зорилгоор 14 шаардлага, 22 зөвлөмжийг өгсөн. Мөн удирдамжтай хяналт шалгалт хийгээд үр дүнд нь 16 шаардлага, 18 зөвлөмжийг эрх бүхий хүмүүст хүргүүлсэн байна.
Дүн шинжилгээний мөрөөр ес, комиссын гишүүдийн санаачилгаар долоон зөвлөмж өгчээ.
Манайд ирдэг гомдол мэдээллийн дийлэнх хувийг хөдөлмөр эрхлэхтэй холбоотой байдаг. Тэр тусмаа ажлын байрны дарамттай холбоотой гомдол эзэлдэг.
Түүнчлэн хүүхдийн эрхийн асуудал байна. Тэдгээрийн ихэнх нь ахуй болон сурч боловсрохтой холбоотой гомдлууд ирдэг.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад халдашгүй чөлөөтэй байх, үүнтэй холбоотойгоор хувийн нууцаар хамгаалагдах эрхийн асуудлаар шаардлага хүргүүлсэн.
Өнгөрсөн онд ХЭҮК-ын зүгээс улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ахмадын асрамжийн газруудад төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулсан. Тиймээс 2024 онд хүргүүлсэн шаардлагын тодорхой хувийг ахмадын эрхийг хамгаалах асуудал орсон" гэж онцоллоо.
Үргэлжлүүлээд 2024 онд гарсан санал гомдлын дагуу шаардлага, зөвлөмж хүргүүлсний үр дүнд шийдэгдсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийслэлийн ерөнхий боловсролын V сургуулийн өргөтгөлийн барилга 2019 оны зургаадугаар сард эхэлсэн байдаг. Улмаар 2021 оны хичээлийн жил эхлэхэд өргөтгөлийн барилгын ажил дуусах төлөвлөгөөтэй байсан ч дөрвөн жил сунжирсан. Үүнээс болоод тухайн сургуулийн сурагчдын эрх ашиг хөндөгдөж байсан юм.
Тухайлбал барилгын ашиглалтын хугацаа хойшлогдсоноос үүдэлтэйгээр тус сургуулийн тодорхой тооны сурагчид өөр сургуульд түрээсийн байранд, урлагийн болон биеийн тамирын хичээлд оролцох боломжгүй нөхцөлд байсан юм.
Ингээд эцэг эхчүүдийн гомдлын дагуу манай байгууллага шалгах ажиллагаа явуулаад өнгөрсөн онд 16 дугаартай комиссын гишүүний шаардлагыг салбарын сайдад хүргүүлсэн.
Энэ шаардлагын дагуу өнөөдөр тус сургуульд суралцаж байгаа 3,000 гаруй сурагчдын асуудал бүрэн шийдэгдсэн. Тус сургуулийн өргөтгөлийн барилгад I-V ангийн 1,100 гаруй хүүхэд суралцаж байна.
Мөн дээр дурдсанчлан ахмадын асрамжийн газарт хяналт шалгалт хийснээс эхнийх нь Дорноговь аймагт Говийн бүсийн ахмадын асрамжийн газрын барилга байсан юм.
Уг шалгалтаар тухайн асрамжийн газрын барилга нь 1942 онд цэргийн эмнэлгийн зориулалтаар баригдсан. Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нь мэргэжлийн хяналтын дүгнэлтээр тогтоогдсон. Наад захын эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд ахмадыг байршуулж байсан нь илэрсэн юм.
Ингээд 2022 оны хоёрдугаар сард шинээр асрамжийн газар барих гэрээ байгуулаад тухайн оныхоо арванхоёрдугаар сард хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ч биднийг шалгаж байх хугацаанд буюу 2024 оны гуравдугаар сард гэхэд барилгын ажил нь дуусаагүй байсан. Тиймээс Дорноговь аймгийн Засаг даргад шаардлага хүргүүлсэн. Үүний үр дүнд нь аравдугаар сард уг байр ашиглалтад орсон" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!