Өчигдөр буюу Лхагва гарагт Европ тивийн хойд хэсгийн тэнгэрийг нэгэн биет гэрэлтүүлэн нисэж байсан нь АНУ-ын SpaceX компанийн сансарт хөөргөсөн пуужингийн нэг хэсэг байжээ.
Шведийн Малмо хотын нэг оршин суугч үүнийг “уран зөгнөлт кинонд дүрслэгддэг харийнхны довтолгоог санагдуулам” байсныг тус улсын телевизээр ярьсан байна.
Энэ нь үнэндээ SpaceX компанийн Falcon 9 пуужингийн нэг хэсэг дэлхийн агаар мандалд орж ирсэнтэй холбоотой үзэгдэл байжээ.
Үүнийг Швед, Дани, Британи улсуудын иргэд ажигласан байна.
Сансраас ирсэн биет Польш улсын нутаг дэвсгэрт унасан нь сүүлд тогтоогджээ. Бас нэг хэсэг нь Украины нутагт унасан байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагийн үед Польшийн Коморники тосгонд 1.5 метр урт, 1 метр өргөн хэмжээтэй шатсан металл унасныг хүмүүс олжээ.
Уг биет тус тосгоны оршин суугч Адам Боручкийн эзэмшлийн агуулахын хашаанд унахдаа гэрэлтүүлгийг нь эвдсэн байна.
Боручки энэ талаар цагдаад мэдээлж, удалгүй Польшийн сансар судлалын “Polsa” агентлагийн мэргэжилтнүүд үүнийг SpaceX компанийн пуужингийн хэсэг болохыг тогтоожээ.
“Бид энэ биет яаж энд унасныг тогтоохоор ажиллаж байна. Хэн ч хохироогүй нь аз юм” гэж цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Анжей Боровиак мэдээлсэн байна.
Вири тосгоны ойролцоо ойгоос үүнтэй төстэй бас нэг биет олдсоныг тэр энэ үеэр хэлжээ.
“Falcon 9 пуужингийн хэсэг хоёрдугаар сарын 19-ний өглөөний 04:46-04:48 цагийн хооронд удирдлага хяналтгүйгээр Польш улсын нутаг дэвсгэрт орж ирсэн байна” гэж “Polsa” агентлаг мэдээлсэн байна.
Falcon 9 пуужин нь хүмүүс болон ачааг сансарт тээвэрлэн хүргэхэд олон дахин ашиглагдах зориулалттай юм.
Өчигдөр унасан биет нь хоёрдугаар сарын 1-ний өдөр АНУ-ын Калифорни мужийн Ванденбэрг агаарын баазаас хөөрсөн пуужингийн хэсэг юм байна.
“Уг биет дэлхийн агаар мандалд хяналттай нэвтрээд Номхон далайд унах ёстой байсан. Гэвч хөдөлгүүр нь ажиллаагүйгээс ийм юм боллоо. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш бид үүний хөдөлгөөнийг дэлхийн тойрог замд ажиглаж байлаа. Пуужингийн хаягдал Британийн дээгүүр цагт 17,000 миллийн хурдтай нисэж, дараа нь Скандинавын хойгийн зарим хэсгийг дайрч, эцэст нь Зүүн Европт унахдаа цагт хэдхэн зуун миллийн хурдтай болж удааширсан байна” гэж Харвардын их сургуулийн астрофизикч Жонатан Макдоуэл тайлбарлажээ.
Сансрын хаягдлууд дэлхийн агаар мандалд орж ирэх үзэгдэл сар бүр хэд хэдэн удаа тохиолддог байна.
Гэхдээ ихэнх нь газарт хүрэхээсээ өмнө агаарт шатаж устдаг.
Харин ийм том хэмжээний хаягдал хяналтгүйгээр унах нь аюултай үзэгдэл болохыг Макдоуэл анхааруулж байна.
“Одоохондоо бид азтай байна. Гэхдээ дэлхийн тойрог замын ачаалал нэмэгдэх тусам бидний аз харих болно. Энэ бол сүүлийн үед Space X пуужингийн хаягдал газарт унасан дөрөв дэх тохиолдол. Хөдөлгүүрт алдаа гэмтэл гарах явдал улам нэмэгдэж байгаа нь эндээс харагдаж байна” гэж тэр тайлбарлажээ.
SpaceX компани энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!