Уншиж байна ...
Зураг
Зураг

Ногоон бизнесийг хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөр Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байна

ikon.mn
Өчигдөр 19 цаг 05 минут
ikon.mn
Зураг зураг

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод хүнс ус, ундааны үйлдвэрлэгчдэд зориулсан ногоон бизнесийг хөгжүүлэх Хурдасгуур хөтөлбөр 2 сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Хөвсгөл аймагт нийт 1813 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас 213 нь боловсруулах үйлдвэрүүд юм. Байгальд ээлтэй тойрог загварт шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилготой тус хөтөлбөрт зэрлэг жимс, сүү цагаан идээ, хүлэмжийн нарийн ногоо зэрэг төрөл бүрийн хүнс үйлдвэрлэгч 160 бичил жижиг дунд бизнес эрхлэгчид болон өрхийн үйлдвэрлэгчид хамрагдаж байна. Тэдний зарим нь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг бол зарим нь Төмөрбулаг, Түнэл, Баянзүрх зэрэг сумдаас зорин иржээ.

зураг
 

П.Энхзул /Шинэ амттан ХХК-н цехийн мастер/

“Манай байгууллага 2002 оноос хойш талх нарийн боов хийж үйл ажиллагаагаа эхэлсэн. 2018 оноос хойш байгалийн зэрлэг жимс болох аньс, нэрс, чацаргана, гишүүний чанамал, төрөл бүрийн өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэж байна.

Эко үйлдвэрлэл болохоор зорьж багаа учраас энэ сургалтад суусан. Манай компанийн хувьд усны хэрэглээн дээрээ тоолуур тавьж хэмжээд, усны хэмнэлт гаргах боломжтой юм гэж ойлголоо. Мөн шилэн савлагаагаа буцааж авч ашиглах урамшууллын системийг нэвтрүүлэх шинэ санааг сургалтаас олж авлаа.”

Эдгээр бизнес эрхлэгчид хоёр өдрийн турш тойрог бизнесийн загвар болон байгаль орчны менежментийн цогц мэдлэг хуримтлуулж, түүнийг өөр өөрсдийн үйлдвэрлэлийн хэмжээнд тохируулан хэрэгжүүлэх арга замуудад суралцаж байна. Аялал жуулчлалын тулгуур бүс нутгийн хувьд Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчид орон нутгийн хэрэглэгчдээс гадна додоод  болон гадаадын жуулчдад бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой гэдгээрээ онцлогтой.

Э.Бат-Орших /Эдийн засгийн ногоон шилжилт төслийн “Хурдасгуур” хөтөлбөрийн зөвлөх багш/

"Энэ сайхан нутагт ургуулж буй тариа, ногоо, идээшиж буй малын мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхдээ нутгийнхаа өвөрмөц онцлогийг шингээж, байгальд ээлтэй, эко тэмдэгтэй бүтээгдэхүүн болгох нь чухал.

Ингэснээр нутгийн үйлдвэрлэгчдэд аялал жуулчлалын үр өгөөж үлдэх боломжтой. Тиймээс Хөвсгөл аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид, ялангуяа хүнс, ундааны салбарынхан эко тэмдэгжүүлэлтийн талаар сайн ойлголттой болж, зах зээлээ мэдлэгжүүлэн, бүтээгдэхүүнээ мэдлэгтэй хэрэглэгчдэд нийлүүлэх бэлтгэлтэй байх шаардлагатай байна. Манай төслөөс бизнес эрхлэгчдэд энэ чиглэлээр мэдлэг олгох хоёр өдрийн хурдасгасан сургалтыг зохион байгуулж байна."

Тус сургалтыг Европын Холбооны Свич-Эйшиа хөтөлбөрийн санхүүжилттэй Эдийн Засгийн Ногоон Шилжилт төслийн баг Хөвсгөл аймгийн ЗДТГ, Дэлхийн Зөн Монгол ОУБ-н Хөвсгөл ОНХ, МҮХАҮТ-ын Хөвсгөл аймаг дахь салбар болон Эко Мами ТББ-уудтай хамтран зохион байгуулж байна. Оролцогчид сургалтын үеэр мөн менторшип уулзалтад оролцож,  ногоон загварт шилжсэнээр бий болох ногоон зээлийн боломжууд, эко тэмдэгжүүлэлт, БОНЗ үнэлгээний талаар мэдээлэл авлаа.

зураг
 
зураг
 

Европын Холбооны Свич-Эйшиа хөтөлбөрийн санхүүжилттэй "Эдийн Засгийн Ногоон Шилжилт" төсөл нь нүүрстөрөгчийн ялгарал багатай, нөөцийг үр ашигтай зарцуулдаг тойрог эдийн засагт аажмаар шилжин ядуурлыг хурдацтай бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Уг төслийг  Пипл Ин Нийд ОУТББ болон Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Хөгжлийн Шийдэл ТББ, Каритас Чех Репаблик ОУТББ-ууд 4 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд зах зээлд суурилсан эко шошгожуулалт, ногоон баталгаажуулалтын системийг хүнс, ус, ундааны салбарын БЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгч нарын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд нэвтрүүлэн, тэднийг дадал, зан төлөвөө өөрчлөн чадавхжих мэдлэг, сургалтаар ханган ногоон санхүүжилтийн эх үүсвэртэй болгох замаар тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Эдийн засгийн ногоон шилжилт төсөл