УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2025.05.12/ хуралдаж, "Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар мэдээлэл сонссон байна.
Энэ талаар Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Монгол Улсын төсөв нэгдсэн байх ёстой гэх үзэл санааны хүрээнд бодлогын баримт бичиг гардаг. Сүүлийн үед улсын төсвөөс дутуугүй хэмжээнд нийслэлийн төсвийг хэдэн их наядаар нь тусгайлан ярьдаг болчихсон.
Төрийн өмчит компаниуд төсвөөс гадна мөнгө тараадаг, төсөл хөтөлбөр нэрийдлээр дураараа шийддэг. Хоёр долоо хоногийн өмнө төсвөөс гадуур бартер хийж болох гажигтай, төсөв санхүүгийн тогтолцоог эвдэх зүйл орж ирсэн.
Өнгөрсөн намрын чуулганы төгсгөлөөс татварын багц хуулийн шинэчлэлийн асуудал нэлээд хүлээлттэй байсан. Гэтэл Засгийн газраас өргөн барих гэж байсан татварын багц хуулийн шинэчлэл аажмаар сураг алдарч байна. Энэ долоо хоногоос "Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө" хэлэлцэгдээд батлагдчихвал ирэх онд манай улсад татвар буурахгүй гэсэн үг.
Яагаад гэвэл энэ долоо хоногоос хэлэлцэгдэх Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл нь ирэх оны санхүү, татварын орчныг бий болгоно. Энэ хүрээнд 2026 оны наймдугаар сард төсөв өргөн баригдана" гэж ярив.
Үргэлжлүүлэн УИХ-ын Б.Жаргалан "Өнгөрсөн намар төсөв батлагдсан цаг хугацаатай харьцуулбал эдийн засгийн болон олон улсын нөхцөл байдал өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээр иймэрхүү чухал баримт бичиг УИХ-д орж ирснийг ашиглаад ирэх жилүүдийн богино, дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн харж байгаа талаар үнэлэлт өгч засвар хийх боломжтой.
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулан оруулж ирдэг. Өнөөдөр танилцуулсан төлөвлөгөө нь АН-ын үзэл баримтлалтай нийцсэн баримт харагдаж байна.
Нэгдүгээрт төсвийн зардлын реформ хийхийг зорьж байна. Энэ хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж, ДНБ-ий 24 хувиас доош оруулах бодлого оруулсан. Тиймээс төрийн албаны шинэчлэлийг хийх зорилго дэвшүүлсэн. Өнгөрсөн хугацаанд төрийн албанд 230 гаруй мянган алба хаагчид ажиллаж байгаа нь төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлж байна гэх зүйлийг их ярьсан.
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд төрийн захиргааны алба хаагчдын тоог 9 хувь бууруулах бодлогын зорилт орж ирсэн. Мөн төрийн өмчит компаниудын хэт данхайсан байдал, зардлын асуудлыг манай бүлгийн гишүүд ярьж байгаа" хэмээн ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!