Дэлхийд алдартай "National Geographic" сувгаар энэ сарын 1-нээс эхэлж Чингис Хааны тухай өгүүлэх "Genghis Khan: The Secret History of the Mongols" зургаан ангит богино цувралыг үзэгчдийн хүртээл болгож байна.
АНУ-д нээлтээ хийсэн цувралыг hulu болон disney+ платформоор үзэх боломжтой аж.
Одоогоор цувралын эхний дөрвөн анги олонд хүрсэн бөгөөд энэ сарын 15-нд төгсгөлийн хоёр анги болох "The Rule of Ogedei", "Europe Under Siege" дэлгэцнээ гарна.
Уг бүтээлийг цуврал киногоороо алдартай "Dash Pictures" бүтээсэн байна. Эммигийн дөрвөн удаагийн шагналт тус кино продакшн "Witches: History, Hunts & Trials", "Pirates: Behind the Legends" зэрэг баримтат бүтээлээрээ алдартай юм.
Уг киног Олон Улсын Монгол Судлалын Холбоо (ОУМСХ)-ны дэд ерөнхийлөгч, Пенсильванийн Их Сургуулийн Монголын түүхийн профессор Кристофер П.Этвүдийн 2023 онд гаргасан "The Secret History of the Mongols" номоос сэдэвлэсэн аж.
"Монголын нууц товчоо" зохиолын шинэ орчуулгаас сэдэвлэсэн энэхүү цувралд Чингис хааны амьдрал, олон тулааны тухай өгүүлэх юм.
Киног Эмми болон шилдэг баримтат киноны төрөлд олгодог "Telly Awards"-ын эзэн найруулагч Даньел Шарп найруулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
|