Гамшгийн үед агаарын хүчний бэлэн байдлыг сайжруулах сургуулилалтад 14 орны цэргийн болон иргэний байгууллагууд оролцлоо

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 5 сарын 12
IKON.MN
Зураг зураг
dvidshub.ne

АНУ-ын Номхон далайн Агаарын хүчний командлал болон Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн бүрэлдэхүүн Pacific Airlift Rally 25 олон улсын хүмүүнлэгийн тусламж, гамшгийн хариу арга хэмжээний сургуулилалтыг тавдугаар сарын 5-9-ны өдрийн хооронд Монгол улсад зохион байгууллаа. 

Бодит онцгой байдлын үед агаарын тээврийн үйл ажиллагааг хариуцдаг цэргийн болон иргэний агентлагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гамшгийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулах зорилготой тус сургуулилалтад АНУ, Монгол, Бангладеш, Зүүн Тимор, Индонез, Малайз, Папуа Шинэ Гвиней, Сингапур, Тонга, Филиппин, Шри Ланка, Япон зэрэг нийт 14 орны агаарын хүчний болон иргэний гамшгийн хариу арга хэмжээний байгууллагын 100 гаруй алба хаагчид оролцсон байна. 

Сургуулилалтын үеэр: 

  • Нисэх буудлын үйл ажиллагаа, ачаа бараа хүлээ авах, нислэгийн түлшний менежмент, гал түймэр болон ослын үед аврах ажиллагааны техникүүдийн талаар
  • Нисэх баазын хамгаалалт болон агаарын үйл ажиллагааг бэлэн байлгахын тулд нисэх онгоц болон эд хөрөнгийг хамгаалах талаар техник, тактик, журмуудын талаар
  • Явуулын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар
  • Цэргийн хөгжмийн хамтлагаар дамжуулан соёлын харилцааны талаар мэргэжилтнүүд санал солилцсон байна.

"Гамшгийн хор уршгийг арилгах нь нэг орны бус бүс орнуудын өмнө тулгарах асуудал"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гамшгийн хор уршгийг арилгах нь зөвхөн нэг орны бус бүс орнуудын өмнө нь тулгараад байгаа асуудал юм. Үүнд хэрхэн хамтарч ажиллах, яаж зохион байгуулах талаар үр дүнтэй сургалт болж өнгөрлөө. Түүнчлэн Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж байгаа нь онцлууштай зүйл болж байна гэдгийг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Хурандаа С.Алтай онцлов. 

2019 онд стратегийн түншлэл тогтоосноос хойш АНУ болон Монгол Улс хүмүүнлэгийн болон аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсээр ирсэн. АНУ нь Монгол Улсын энхийг сахиулах, сургалт, гамшгийн хариу арга хэмжээний хүчин чармайлтыг тогтмол дэмжиж, хамтын ажиллагааг сайжруулах, батлан хамгаалах харилцааг бэхжүүлэх, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг бататгах хамтын үүрэг амлалтаа нотолсон үйл явдал боллоо гэдгийг АНУ-ын талаас онцлов. 

"Монголын Зэвсэгт хүчин, Агаарын цэргийн хүчин энэ ажлыг манлайлан зохион байгуулж, сургалтын таатай орчныг бүрдүүлсэн нь бахархмаар байлаа" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тус сургуулилалтад оролцсон сэтгэгдлийнхээ талаар Аврагч эмч нарын сургалт, эрүүл мэндийн ажиллагааг хариуцдаг PJ эмнэлгийн захирал АНУ-ын Агаарын хүчний дэд хурандаа Дэмиан Морганюм "Монголд ирсэн эхний өдрөөс эхлэн хүмүүсийнх нь өгөөмөр зан, зочломтгой байдал үнэхээр гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Өөр өөрсдийн соёлоосоо хуваалцаж, олон талын боломжийг олж харсан нь миний нүдийг нээж өгсөн явдал боллоо. 

Энэ удаагийн Pacific Airlift Rally 25 олон улсын сургуулилалтад оролцсон улсуудын тоо илүү олон байсан нь мөн сайхан санагдлаа. Ирээдүйд гамшиг болохгүй байгаасай гэж найдаж байгаа ч бид урьдчилан бэлтгэх ёстой. Ингэснээр бид хэрхэн хамтран ажиллах, чадавхаа уялдуулахыг мэдэж, хамгийн дээд зэргийн тусламжийг хүргэх боломжтой болно.

Энэ бол бид бүгдийн эрмэлзэх ёстой зүйл бөгөөд Монголын Зэвсэгт хүчин, Агаарын цэргийн хүчин энэ ажлыг манлайлан зохион байгуулж, бүх оролцогчдыг нэгтгэн, сургалтын орчныг таатайгаар бүрдүүлсэн нь үнэхээр гайхалтай, бахархмаар зүйл байлаа" гэв. 

"Томоохон гамшгийн аюулыг нэг улс бие дааж даван туулна гэхэд хэцүү, бараг боломжгүй болох нь илэрхий болоод байна"  

АНУ-ын агаарын хүчний талаас "Сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ, Турк, Сири, Папуа Шинэ Гвиней зэрэг орнуудад тохиосон газар хөдлөлт, цунами, далайн хар салхи, ой хээрийн түймэр, үер, хөрсний гулгалтын улмаас олон мянган хүн амь насаа алдан бэртэж гэмтэн эд хөрөнгөөрөө хохирсон бодит жишээнээс харахад эдгээр томоохон гамшгийн аюулыг ямар нэгэн улс бие дааж даван туулна гэхэд хэцүү, бараг боломжгүй болох нь илэрхий болоод байна. Иймд улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал байна" гэв.