Өнгөрсөн зууны дунд үеэс Оросын экспортын гол бүтээгдэхүүн болсон газрын тосны нөөц дуусах цаг ойртож байгаа ажээ.
Тус улсын байгалийн нөөцийн сайд Александр Козлов өчигдөр Төрийн думд энэ хугацааг 26 жил гэж мэдээлсэн байна.
Оросын батлагдсан газрын тосны нөөцийн нийт хэмжээ одоогоор 31 тэрбум тонн боловч үүнээс 13 тэрбум тонн нь эдийн засгийн хувьд үр ашигтайд тооцогддог гэнэ.
Өнөөдрийн байдлаар газрын тосны компаниуд жилд 500 сая гаруй тонныг олборлож байгаа юм байна.
Батлагдсан нөөцөөс гадна ОХУ-ын нутаг дэвсгэрт 95 тэрбум тонн газрын тосны батлагдаагүй нөөц бийг Козлов мэдээлжээ.
“Гэхдээ онцлог нь эдгээрийн ихэнхийг олборлоход хэцүү” гэж тэр тайлбарласан байна.
Өнгөрсөн сард ОХУ-ын засгийн газрын баталсан 2050 он хүртэл баримтлах эрчим хүчний стратегийн баримт бичигт газрын тосны олборлолт ойрын жилүүдэд хурдтай буурах тооцоо тусгагдсан байдаг.
Тухайлбал одоо жилд 530-540 сая газрын тос олборлож байгаа бол 2036 онд 477 сая тонн, 2050 онд 287 сая тонн болж буурах гэнэ.
Энэ тохиолдолд газрын тосны экспортын хэмжээ одоогийн жилийн 234 сая тонноос 79 тонн болж, гурав дахин буурах юм байна.
Өрнөдийн хориг арга хэмжээ, дэлхий нийтийн эрчим хүчний ногоон шилжилт зэргийг тусгасан хамгийн муу хувилбараар тооцоолоход 2050 он гэхэд Оросын газрын тосны олборлолтын жилийн хэмжээ 171 сая тонн болж, одоогийнхоос гурав дахин буурах төлөвтэй байна.
Энэ тохиолдолд экспортын хэмжээ тэгтэй тэнцэх гэнэ.
Дээр дурдсан стратегийн бичиг баримтад газрын тосны олборлолтын одоогийн түвшнийг хадгалахын тулд нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт, бас “технологийн хараат бус байдал”-д хүрэх шаардлагатайг онцолжээ.
Тухайлбал 1,500 гаруй нэн чухал тоног төхөөрөмжийг импортоос хараат бус болгох шаардлагатай байгаа юм байна.
Одоогоор өрөмдлөгийн тоног төхөөрөмж, олборлолтын мэдээлэл боловсруулж, дүн шинжилгээ хийдэг программ хангамжийн 90-ээс дээш хувийг гадаадаас импортолж байгааг Байгалийн Нөөцийн Яамны мэдээлэлд дурджээ.
Үүнээс гадна уул уурхайн машин техникийн 50 хувь, газрын геофизикийн тоног төхөөрөмжийн 30 хувь импортоос хамааралтай байгаа юм байна. Импортоос хамгийн бага хамааралтай техник нь төмрийн хүдрийн хайгуулын тоног төхөөрөмж (20 хувь), худгийн хайгуулын геофизикийн төхөөрөмж (10 хувь) ажээ.
Эх сурвалж: РИА Новости
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
79 СЭТГЭГДЭЛТЭЙ
|