Гамшиг ослын тохиолдол, ой хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар Улсын Онцгой Комисс (УОК), Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Ц.Нямбаяр нар өнөөдөр мэдээллээ.
Нөхцөл байдлын талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү дараах мэдээллийг танилцуулсан юм.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн долоон дүүрэг, 18 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 117 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүний дагуу онцгой байдлын албаныхан 157 хүний амь насыг аварсан байна. Нийт дуудлагын 98 хувь нь объектын гал түймрийн дуудлага эзэлжээ.
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 12 аймгийн 58 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45.6 хувиар өссөн тоо. Урьдчилсан байдлаар 47,071 га ойн талбай, хээрийн 701,011 га талбай галд өртсөн. Үүнд
Гал түймэр унтраах ажиллагаанд ОБЕГ-ын 1,568 албан хаагч, 196 автомашин, хилийн цэргийн 84 албан хаагч, 9 автомашин Зэвсэгт хүчний 24 албан хаагч, 2 автомашин, цагдаагийн байгууллагын 9 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд гээд 3,546 хүн, 640 автомашин гээд нийт 5,230 хүн, 849 автомашинтай хамтран гал түймэр унтраах ажилд оролцжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Булган аймгийн Баян-Агт суманд гарсан ой түймрийг бүрэн унтраасан. Одоогоор Хэнтий аймгийн Норовлин сум, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ой хээрийн түймрийг цурамд оруулахаар ажиллаж буй. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраах ажиллагаа одоо үргэлжилж байна.
ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн тухайн түймрийн голомтуудад үүрэг гүйцэтгэсэн. Сэлэнгэ аймгийн Түшиг болон Ерөө суманд агаараас түймрийг унтраах ажиллагаа явуулсан. Цаашлаад Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийн хувьд өмнө нь хэд хэдэн удаа ойн түймэрт өртөж байсан. Зам нь бартаа саад ихтэй, тухайн газар нутаг нь хүдэр зэрэг шатах материал элбэгтэй тул түймрийг бүрэн унтраах ажиллагаа удааширч байна.
Экологийн цагдаагийн албанаас бидэнд ирүүлсэн мэдээллээр ойн хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс шууд хамааралтай байна гэсэн дүгнэлтийг бидэнд танилцуулсан. Тодруулж хэлбэл ил задгай үнс нурмаа асгасан. Ил задгай гал түлсэн. Шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр зорчих, тамхи зэрэг ил гал гарах зэрэг нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Түүний дараа ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Ц.Нямбаяр гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан ой хээрийн түймэр бүрэн хяналтад орсон. Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймэр урд үзүүрээрээ тархаад тус аймгийн Цагааннуур сумын нутаг руу нэвтэрсэн. Уг хоёр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймэрт ОБЕГ-ын 71 алба хаагч, 3 автомашинтай, мэргэжлийн ангийн 111 хүн, 15 автомашинтай нийт 182 хүн, 18 автомашинтай ажиллаж байгаа. Түшиг сумын түймэр цурамд орсонтой холбоотойгоор тэнд ажиллаж байсан хүмүүсийг Ерөө сум руу сэлгэн ажиллуулж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраахад тухайн бүс нутагт ажиллаж байсан иргэдийг дайчилсан. Тодруулбал Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг Төмөртэйн уурхайгаас хүн хүч, том техник хэрэгсэл ашигласан.
Дээрх ойн хээрийн түймэр гарсан газар нутгууд бол ихэвчлэн хүн оршин суудаггүй, хүний суурьшлын бүсээс хол, ойн бүс юм.
Дээрх газруудад ой хээрийн түймэр гарсан шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байна. Эхний байдлаар дээрх газруудад хүний хөл хөдөлгөөн ажиллагдсан талаар нутгийн иргэдээс ирсэн мэдээлэл бий. Ийм хуурайшилтай байгаа цаг үед ойд зорчих хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч байгаа ч иргэдийн зорчих хөдөлгөөн тасрахгүй байна. Тиймээс иргэд дээрх газруудад зорчихдоо галын аюулгүй байдлын шаардлагыг хангах шаардлагатай.
Тухайлбал Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймрээс баруун зүгт сансрын зургаар түймрийн цэг илэрсэн. Түймэр дээр ажиллаж байсан бүлгээс хүмүүс явуулаад шалгуулахад тухайн газарт мод бэлтгэсэн, отгоны гал түлээд унтраасан мэдээлэл ирсэн. Энэ нь хүний хөдөлгөөн байгааг баталж буй юм.
Объектын гал түймрийн дуудлага дээр дүгнэлт хийхээр амралтын өдрүүдэд "шар өвсний" дуудлага голдуу ирдэг. Ялангуяа зуслангийн бүсэд хог хаягдлыг шатааж, устгах зорилгоор гарсан гал түймрийн дуудлага дийлэнхийг эзэлж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан гал түймрийн дуудлагын 60 орчим хувь нь ийм дуудлага, мэдээлэл гэсэн үг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|