Катарын эрх баригчид тансаг ангиллын нисэх онгоцыг АНУ-ын ерөнхийлөгчид бэлэглэх гэж байгаа тухай мэдээлэл тараад байна.
CBS News сувгийн мэдээлснээр бол Катарын тал “нисдэг ордон” гэгдэж буй энэ бэлгээ ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөхөн хүлээлгэж өгөх гэж байгаа гэнэ.
Трамп энэ долоо хоногт Ойрх Дорнодын орнуудад айлчлахдаа Катарт хүрэлцэн очих юм.
АНУ дахь Катарын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч энэ асуудал хоёр улсын батлан хамгаалах яамдын хооронд яригдаж байгааг баталжээ.
“Уг асуудлыг хоёр талын холбогдох албад хэлэлцэж байгаа. Эцсийн шийдвэр гараагүй байна” гэж тэр хэлсэн байна.
Хэрвээ үнэхээр Трамп гадаад улсаас албандаа хэрэглэх нисэх онгоц бэлэг болгон авбал энэ нь хууль эрх зүй, ёс зүй талаасаа шүүмжлэл дагуулах өндөр магадлалтай юм.
Ням гарагт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт “Ерөнхийлөгчид гадаад улс орнуудаас өгөх аливаа бэлэг үргэлж хууль тогтоомжийн хүрээнд байдаг. Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа ил тод байдлыг бүрэн хангахыг эрмэлздэг” гэж энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн агаарын флот “Air Force One” нь одоогоор тусгай харилцаа холбооны хэрэгсэл, ажлын өрөө, хурлын танхим зэргээр тоноглогдсон хоёр ширхэг Boeing 747-200B загварын нисэх онгоцтой.
Тэдгээрийг 1990, 1991 онуудаас хойш ашиглаж байгаа.
Катарын бэлэглэхээр төлөвлөж буй нисэх онгоц нь шинэ загвар болох Boeing 747-8 юм байна.
Боинг компани Цагаан ордны онгоцнуудыг шинэчлэх гэрээг АНУ-ын засаг захиргаатай байгуулсан ч нийлүүлэх хугацаанаасаа хоцорч байгаа. Энэ оны хоёрдугаар сард Трамп энэ талаар гомдоллож байв.
Тэрбээр эхний бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр ширхэг 747-8 загварын тусгайлан тоноглосон онгоцыг авахаар Боинг компанитай гэрээ байгуулж байжээ.
Сүүлийн байдлаар Боинг компани тэдгээрийг 2027, 2028 оноос өмнө нийлүүлэх боломжгүйгээ мэдэгдээд байгаа.
“Би Боинг компанид сэтгэл дундуур байна. Бид аль эрт гэрээ байгуулсан ч гүйцэтгэл нь хэтэрхий удаж байна” гэж Трамп хоёрдугаар сард хэлж байв.
Катар улсын хувьд өмнө нь хувийн тансаг тоноглолтой нисэх онгоцыг гадаад орнуудад бэлэглэж байсан түүхтэй. Тухайлбал 2018 онд Турк улсад ийм онгоц бэлэглэж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|