"Зургаадугаар сарын 1-нээс эхлэн 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд шинээр Улаанбаатар хотын дугаар олгохгүй"
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас 2024 оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталж, арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй болсон. Ийнхүү өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхний дөрвөн шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлж эхэлсэн бол хоёр шалгуур үзүүлэлтийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэх юм байна.
Энэ талаар Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Зургаадугаар сарын 1-нээс эхлэн 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд шинээр Улаанбаатар хотын улсын дугаар олгохгүй. Мөн Улаанбаатар хотод импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэл тухайн улсад экспортод гарахын өмнөх техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх шаардлагыг тавьж буй.
Өөрөөр хэлбэл бидний авах гэж буй тээврийн хэрэгсэл тухайн улсад ашиглагдах үедээ ямар түүхтэй байсныг дүгнэлт гарган авах заалтыг тусгасан” гэв.
Тээврийн хэрэгсэлд УБ серитэй улсын дугаар олгох журмаас:
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн шалгуур үзүүлэлтүүд:
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийг болон торгох шийтгэлийг барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1 дэх хэсгийн дагуу даатгуулсан байх;
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь "евро-4" эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
- Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;
2025 оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шалгуур үзүүлэлтүүд:
5. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
6. Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх.
Харин нийслэл хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг
- Мотоцикл
- Механизм
- Зүтгүүр
- Чиргүүл
- Цистерн
- Тусгай зориулалтын автомашин
- Автобус зэрэг тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаарыг хэвийн олгож байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
