Өмнөд Солонгос улс робот болон батлан хамгаалах чиглэлийн хоёр технологийг эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгүүр болгох зорилгоор үндэсний стратегийн салбарын жагсаалтдаа нэмж буйг өнөөдөр өглөө зарлажээ.
Ингэснээр ийм стратегийн салбарын нийт тоо 19 болон нэмэгдэж байгааг тус улсын Худалдаа, Аж үйлдвэр, Эрчим Хүчний яам мэдээлсэн байна.
Үүнээс өмнө хагас дамжуулагчийн найман технологи, дэлгэцийн дөрвөн технологи, дахин цэнэглэгддэг зай хураагуурын гурван технологи, хоёр биотехнологи энэ жагсаалтад орж байсан юм.
Роботын хувьд секундэд 3.3 метрээс дээш хурдтай шилждэг, 20 кг-аас дээш жинтэй ачаа тээвэрлэх чадвартай хүн дүрст (humanoid) роботын дизайн, үйлдвэрлэлийн технологийг стратегийн жагсаалтдаа нэмжээ.
Өнгөрсөн онд тус улс хиймэл оюун болон роботын технологиудыг хослуулах замаар 2027 он гэхэд дэлхийд тэргүүлэх хүн дүрст робот үйлдвэрлэгч улс болох төлөвлөгөөг зарлаж байв.
Батлан хамгаалах чиглэлд 15,000 lbf (pounds-force)-аас дээш түлхэлтийн хүчтэй нисэх онгоцны дэвшилтэт хөдөлгүүрийн үндсэн материал, эд ангитай холбоотой технологийг стратегийн салбарын жагсаалтад нэмжээ.
Ийм хөдөлгүүрүүд нь дараагийн үеийн сөнөөгч онгоц болон нисгэгчгүй онгоцыг хөгжүүлэхэд шаардлагатай үндсэн технологид тооцогддог байна.
“Шинэ салбарын технологиудыг хөгжүүлэхийн тулд төрөөс мэргэжлийн төрөлжсөн сургуулиуд байгуулах, хөрөнгө оруулалтыг татварын хөнгөлөлтөөр урамшуулах, шаардлагатай дэд бүтцийг бий болгох зэргээр дэмжих болно” гэж яамны мэдэгдэлд өгүүлжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|