Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр иргэн Б.Баярбаатар нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд шууд бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж илтэд олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан юм.
Улмаар анхан шатны шүүхээс Б.Баярбаатарыг олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан зөрчил үйлдсэнд тооцож, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар түүнд зан үйлд нөлөөлөх 50 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 30 хоног баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх зөрчилд холбогдогч, түүний өмгөөлөгч гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.
Тухайлбал хэл шинжлэлийн хүрээлэнгээр шинжилгээ хийлгэх шинжээч томилсон тогтоол, хохирогч, гэрчээс мэдүүлэг авах, эд зүйлд үзлэг хийх зэрэг ажиллагаанууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүх шинжилгээний тухай хуульд тус тус нийцээгүй нь давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж үзсэн байна.
Иймд дээрх хуулиудыг ноцтой зөрчсөн алдаануудыг зөвтгүүлсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 2025/ЗШ/280 дугаар шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн Хэргийн Давж Заалдах шатны шүүх
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!