АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг шүүмжлэхээ зогсоож, $500 тэрбумын дүнтэй ашигт малтмал өгөх гэрээнд гарын үсэг зурахыг Украины удирдагчид зөвлөж байгаагаа Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц өчигдөр мэдэгджээ.
АНУ-ын Украины төлөө хийсэн бүх зүйлийг харгалзан үзээд ОХУ-тай энхийн гэрээ байгуулах Трампын санаачилгыг эсэргүүцэхгүй байх ёстойг тэр Fox News сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.
Энэ долоо хоногийн эхээр Москвагийн албаныхантай хийсэн анхны уулзалтад Украин болон Европын холбоотнуудаа оролцуулаагүйг Уолц “хоорондоо шууд нүүр тулахаас цааргалж байгаа талуудын хооронд зуучлах ердийн дипломат үйл ажиллагаа” гэж зөвтгөжээ.
Дараа нь Уолц сэтгүүлчидтэй Цагаан ордонд уулзах үеэрээ “Киевийн зүгээс гарч буй зарим үг хэллэг, ерөнхийлөгч Трампыг доромжилсон үгсийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яг одоо ерөнхийлөгч Трамп бидний санал болгож буй энэ боломжийг ашиглахыг хүсэхгүй байгаа ерөнхийлөгч Зеленскийд маш их бухимдаж буй нь тодорхой” гэж хэлсэн байна.
Лхагва гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа Трамп сонгууль явуулахаас татгалзаж байгаа “дарангуйлагч” гэж Зеленскийг цоллосон юм. Тэр бас дайныг Орос биш Украин эхлүүлсэн гэж хэлжээ.
Хариуд нь Зеленский түүний Кремлийн суртал нэвтрүүлэгт автсан байгааг шүүмжилсэн юм.
Лхагва гарагт Киевт зочилсон АНУ-ын тусгай элч Кит Кэллогтой уулзсаныхаа дараа Зеленский хамтарсан хэвлэлийн хурлаа цуцалсан нь талуудын харилцааг улам муутгалаа.
Сүүлд Зеленский уулзалтын үеэр фронтын нөхцөл байдал, Украины олзлогдсон цэргүүдийг хэрхэн буцааж авах, Украины аюулгүй байдлыг хэрхэн баталгаажуулах зэрэг сэдвүүдээр Кэллогтой “сайн яриа” өрнүүлснээ мэдээлжээ.
Тэр бас АНУ-ын тусламж дэмжлэгт талархаж явдгаа илэрхийлсэн байна.
Чөлөөнд гарсан генерал Кит Кэллогийг ерөнхийлөгч Трампын тойрон хүрээлэгсэд дотроос Украиныг хамгийн их дэмждэг хүн гэж үздэг.
Тэрбээр Мягмар гарагт Саудын Арабын нийслэлд болсон АНУ-ОХУ-ын уулзалтад оролцоогүй юм.
Кэллог гурван өдөр саатсаныхаа дараа өнөөдөр буюу Баасан гарагт Киевээс мордоно. Ингэхдээ тэр Зеленскийн ямар нэг саналыг Вашингтонд хүргэх эсэх нь тодорхойгүй байна.
Киевийн эрх баригчид Вашингтоны Москватай байгуулах ямар ч энхийн гэрээнд Украины эзлэгдсэн газар нутгийг Путинд өгөх нөхцөл тусгагдана гэж болгоомжилж байгаа.
Өчигдөр Мэрилэнд мужид CPAC (Conservative Political Action Conference) чуулганд оролцож үг хэлэхдээ АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс “Гурван жилийн хугацаанд анх удаа Европ энх тайвны босгон дээр ирсэн гэдэгт би үнэхээр итгэлтэй байна” гэж мэдэгджээ.
“Ерөнхийлөгч Трампыг ийм үр дүнтэй хэлэлцээрч болгодог зүйл нь миний бодлоор бүх боломжит хувилбарыг орхилгүй авч үздэгтэй холбоотой. Мэдээжийн хэрэг, энэ нь Америкт зарим хүмүүс “Яагаад Оростой ярилцаж байгаа юм бэ?” гэж гайхширах шалтгаан болж байгаа” гэж тэр хэлсэн байна.
Украины дайн эхэлсний гурван жилийн ойг тохиолдуулан НҮБ-аас гаргах тогтоолд АНУ-ын тал санаачлагчаар оролцохоос татгалзсан тухай эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.
Уг тогтоол 2022 оны хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн Оросын эзлэн түрэмгийллийг буруушааж, Украины тусгаар тогтнолыг дэмжиж байгаагаа баталгаажуулж, хилийн шугамыг нь 2014 оны өмнөх төлөвт шилжүүлэхийг уриалсан утгатай байх юм.
Тогтоолыг Их Британи, Европын Холбооны ихэнх улс багтсан дэлхийн 50 орчим улс санаачлах төлөвтэй байна.
Мөн Их Долоогийн бүлгийн орнуудын гаргах ижил утгатай хамтарсан мэдэгдэлд АНУ-ын засаг захиргаа хориг тавьсан талаар Financial Times мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-ын төлөөлөгч “Оросын эзлэн түрэмгийлэл” гэсэн нэр томьёог мэдэгдлээс хасахыг шаардаж, Их Долоогийн удирдагчдын чуулганд Зеленский видео холбоогоор оролцож, үг хэлэх төлөвлөгөөг эсэргүүцсэн гэнэ.
Энэ бүгдээс харвал Трампын засаг захиргаа Украинд дайсагнаад эхэлсэн нь харагдаж байна.
Цагаан ордны эзэн Зеленскийг “дарангуйлагч” гэж цоллосон нь Москвагийн эрх баригчдыг нэлээд баярлуулж байгаа бололтой.
Тухайлбал ОХУ-ын ерөнхийлөгч асан, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев “Хэрвээ гурван сарын өмнө АНУ-ын ерөнхийлөгч ингэж хэлснийг надад дуулгасан бол би чангаар инээх байлаа. Трамп 200 хувь зөв ярьж байна” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!