Уншиж байна ...

"Eduten дээр Монгол Улс хамгийн олон бодлого бодсон орноор шалгарсан нь хүүхдүүд математикт дурлаж буй хэлбэр"

Б.Бадамгарав, IKon.mn
Өчигдөр 14 цаг 13 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын Яамнаас 16 хүртэлх насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хязгаарлах талаар судлах ажлын хэсэг байгуулснаа мэдэгдсэн.

Энэ нь хүүхдийн насны онцлог, төлөвшил, эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийг тус яамнаас онцолж буй.

Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга "Хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болж байгаа асуудал дэлхий нийтийг хамарлаа. Дэлгэцийн хамааралтай болсноор хүүхдүүдэд допамин ихсэж байна. Архи, хар тамхи, мөрийтэй тоглоомд донтсон хүнд допамин ихэсдэг байтал хүүхдүүдэд 2-3 настайгаас нь нэмэгдэж байгааг бид анзаарахгүй, мэдэхгүй яваад байгаа нь ирээдүйд ихээхэн хор уршигтай. Дэлгэцийн хамааралтай болсноор сэтгэцийн өвчтэй болох аюул бий.

Хоёрдугаарт цаг хугацаа. Багаасаа гар утсанд цаг их зарцуулаад байхаар өөр зүйл хийх цаггүй болж байна. Эрүүл мэндийн хувьд нүдний хараа, чихний сонсгол муудах гэх мэтчилэн хортой үр дагавар гарахаар байгаа тул хуулийн төсөл санаачлахаар ажлаа эхлүүлсэн" гэлээ.

Тэгвэл сүүлийн жилүүдэд боловсролын салбарт цахим технологид суурилсан англи хэлний Pearson, математикийн Eduten зэрэг шинэ хөтөлбөрүүд хэрэгжиж буй. Энэ нь хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээнд нөлөөлж байна гэх шүүмжлэл ч бий.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Pearson хөтөлбөр нь зарим сургуульд туршилтаар гуравдугаар ангиас нь орж байгаа бол Eduten нь хоёрдугаар ангиас нь зааж байна. 

Судалгаагаар Eduten-ийг өдөрт дунджаар 20 минутад хийж байна. Гар утас биш компьютероор ажилладаг, ангид үзэх үед ухаалаг самбар ашиглан зааж байна. Eduten дээр Монгол Улс хамгийн олон бодлого бодсон орноор шалгарсан байна лээ. Хүүхдүүд маш их бодлого бодож байгаа нь математикт дурлаж байгаа хэлбэр. Хүүхдэд зориулсан сургалтын программууд бол дэмжигдээд явна. Энэ нь дэлгэцийн донтолтод хүргэх зүйл огт биш.

Дэлгэцийн донтолт гэдэг нь цагийг дэмий үрсэн байна гэсэн үг. Допамин гэх тархинаас гардаг бодис нь хэт их хэмжээгээр ялгарснаар сэтгэл гутралд ордог. Үүнийг л донтолт гээд байгаа. Ялангуяа залуу эцэг эх хүүхдээ хооллохдоо дэлгэц харуулдаг үзэгдэл түгээмэл байна. Хүүхдийн эрүүл мэндэд тун хортой. Иймээс хамжааргатай, хязгаартай байя гэж байгаа юм. Эцэг эх, багш нар маань сайн дэмжих болов уу. Сургалтын программтай бол хамааралгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.