Олон нийтийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдүүдийн оролцоог зохицуулах талаар судлах ажлын хэсэг Боловсролын Яаманд байгуулагджээ.
Тус яамнаас Австрали улсын туршлагыг судалж, Монголын нийгмийн олон талын төлөөллийн саналыг тусгасны үндсэн дээр шийдвэрээ гаргах юм байна.
Боловсролын сайд П.Наранбаяр "2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд Австрали улс цахим орчинд, ялангуяа Фэйсбүүк, Твиттер, Снапчат, ТикТок зэрэг олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхэд орохыг хориглох заалттай хууль баталсан нь дэлхий нийтийн анхаарал татсан. Энэхүү хуулийг судлах, үр нөлөөг нягтлахын зэрэгцээ Монгол Улсад дээр дурдсан олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхэд орохыг хязгаарлах хуулийн заалт оруулж ирэхээр дээрх ажлын хэсэг судалгаагаа эхлүүллээ.
Суурь шинжтэй өөрчлөлт хийхийн тулд судалгаа маш их шаардана. Нийгмийн хүрээнд ярилцаж, хэлэлцэн зөвшилцөлд хүрэх нь зүйтэй. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа нийгмийн бүх бүлэгтэй бид ярилцана. Доороос нь дээш нь хэлэлцэх аргаар явна. Бид үр дүнд хүрэх ёстой. Бэлтгэлээ хангахаар Боловсролын Яам ажиллаж эхэлсэн" гэв.
Сайд П.Наранбаяр "Фэйсбүүк, Твиттер, Снапчат, ТикТок зэрэг сүлжээнд зохисгүй агуулга явах, хүүхэд насанд тохироогүй байдалд уруу татах, хүүхдүүдийн хооронд цахим дээрэлхэлт үүсгэх гэх мэтчилэн олон асуудал гарч байна. Үүнээс хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг. Түүнчлэн цахим орчинд соёлтой зөв харилцаж сурах нь нийгэмд нэн шаардлагатай байна" гэв.
Хүүхдүүдийн цахим орчны хэрэглээтэй холбоотой олон улсын туршлагын талаар Боловсролын Яамнаас танилцуулахдаа:
"Энэ чиглэлээр Монгол Улс ямар нэг арга хэмжээ авахгүй бол оройтох гээд байна. Сөрөг үр дагавар олон байна. Гэхдээ хүүхдийн интернэтэд хандах эрхийг бид хөндөхгүй. Цахим сургуулиас хичээл үзэх, Юүтүбээс хэрэгтэй мэдээллээ авах зэргээр хичээл үзэх сувгууд нээлттэй байх болно" гэдгийг сайд П.Наранбаяр мэдээллийн хурлын үеэр онцолж байв.
Цаашид School Management System(SMS), Learning Management System(LMS)-ын хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд эцэг эх, багш, сурагчид Фэйсбүүкээр харилцах биш зориулалтын программ ашиглах нь зүйтэйг тэрбээр мөн дурдав.
Түүнчлэн нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог хязгаарлах асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, бодлогын судлаачидтай хамтран ажиллах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!