Уншиж байна ...

П.Наранбаяр: Сургалтын хөтөлбөрийг шинэчилснээр бага ангиуд ЕСӨН төрлийн хичээл үзэхээр болсон

Б.Бадамгарав, IKon.mn
Өчигдөр 12 цаг 29 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлт үе шаттайгаар хийгдэж байна. 

Эхний ээлжид бага ангиудын хөтөлбөрийг шинэчлэн, сурах бичгийг боловсруулж байгаа юм. 

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн дээр 1-2 дугаар ангийн ерөнхий хөтөлбөрийг гараад, сурах бичгийн тохирцыг тааруулах ажил явагдаж байна. Бага сургууль есөн хичээл үзэхээр болж, цөөрч байгаа. Мөн гуравдугаар ангиасаа Англи хэл, Компьютерын ухаан гэж хичээл үзнэ. Хоёрдугаар ангиас нь Унших бичиг оруулна. 

Хөтөлбөр, сурах бичиг шинээр боловсруулах ажил нь Боловсролын ерөнхий хуулиар заасан хугацаандаа хийгдэж байгаа. Энэ жилээс суурь боловсрол буюу 6-9 дүгээр анги, ахлах буюу 10-12 дугаар ангийн хөтөлбөр, сурах бичгийн суурь судалгааг эхлүүлнэ.

Бага сургуулийн хичээлийн төрлийг цөөлсөн. Дунд сургууль дээр интеграц хийх замаар хичээлийг цөөлөх хандлагатай байгаа. Дэлхийн дундажтай харьцуулахад манайх хичээлийн төрлөөрөө өндөрт тооцогддоггүй. 

Шинжлэх ухааны үндсийг тавьдаг суурь боловсрол дээр бий. Хими, Физик, Биологи, Математик учир зайлшгүй орно" гэв.

Харин сурах бичигт зохиогчийн эрх зөрчиж, зураг оруулсан гэх асуудалд салбарын сайд нь "Нэгдүгээр ангийн сурах бичгийн 70 орчим хувь нь зураг байдаг. Зураг бол сурах бичгийн амь нь гэсэн үг. Үүнд мэргэжлийн зураачдыг ажиллуулах төсөв мөнгийг шийдэж байгаа. Туршилтаар тохирцыг нь шалгахаар 27 сургуульд хэрэглүүлж байгаа сурах бичигт тийм зүйл гарсан нь үнэн. Интернэтээс татсан зураг гэх мэт зүйл нь бүх сурах бичигт байхгүй болно. Зохиогчийн эрхтэй, монгол зураачийн зурсан зургууд байх болно" гэх тайлбарыг өгөв.