Уншиж байна ...

Цөмийн оношилгоо, эмчилгээний төв нь хавдрын эмчилгээний төлөвлөгөө гаргах оношилгоог хийж байна

М.Батчимэг, ikon.mn
12 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хоёрдугаар төв эмнэлэг "Хоол боловсруулах замын эрхтний хавдраас сэргийлье" нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ үер Цөмийн Оношилгоо, Эмчилгээний Төв өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, цөмийн онош зүйн эмчийн зөвлөгөөг иргэдэд өгөв.

Уг төв нь 2021 оноос хойш Монгол Улсад анх удаа цикл хурдасгуурт суурилсан цацраг идэвхт эмийн үйлдвэрлэл болон дүрс оношилгооны хосолмол технологи позитрон эмиссийн томографи/ компьютер томографи суурилагдан үйл ажиллагаа явуулж байгаа аж. 

ПЭТ/КТ-ийн оношилгооны арга нь цөмийн оношилгооны нэг хэлбэр бөгөөд өчүүхэн бага хэмжээний цацраг идэвхт эмийг өвчтөнд судсаар тарьж бүх биеийн зургийг аван өвчний талаарх мэдээллийг эмчид гаргаж өгдөг байна. 

ПЭТ/КТ-ийн оношилгоог хавдрын өвчинд хийснээр: 

Өвчний үе шатыг зөв тогтоох, эмчилгээг илүү оновчтой хийхэд эмчид тусална. Уг шинжилгээ нь эмнэлзүйн доорх чухал асуултуудад хариу өгөх боломжтой. 

  • Хавдрын анхдагч голомт аль эрхтэнд байна вэ? 
  • Хавдрын үсэрхийлэл байна уу? 
  • Хавдрын шинж чанар, тархалтын цар хүрээ ямар байна вэ? 
  • Хамгийн тохиромжтой эмчилгээ юу вэ? 
  • Эмчилгээ үр дүнтэй байна уу? 
  • Хавдрын дахилт байна уу? 

Мөн уг оношилгоо нь уналт таталтын эмгэгүүд, зөнөгрөлийн /Паркинсоны өвчин, Альцгеймрын өвчин г.м/, зүрхний булчингийн амьдрах чадварыг үнэлэх, шалтгаан тодорхойгүй халууралт, тос судасны үрэвсэлт эмгэгүүд, үе мөчний үрэвсэлт өвчин зэрэгт хийгддэг байна. 

Монголд одоогоор хавдрын эмчилгээний төлөвлөгөөг гаргах зорилгоор буюу хэдэн тун хими эмчилгээ хийх, мэс заслыг хэрхэн хийх зэрэг оношилгоог хийхэд түлхүү ашиглаж байгаа аж. Өмнө нь уг оношилгоог хийхэд заавал гадагшаа явдаг байжээ. Тус төв нь цаашид илүү олон төрлийн шинжилгээг дотооддоо хийх боломжийг нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байгаа аж. 

Бамбай булчирхай нь ИОД-131 эмчилгээ болон хүүхдийн ясны сийрэгжилт болон бүтэн биеийн ясны сийрэгжилтийг үнэлэх шинжилгээг хийдэг

Түүнчлэн Цөмийн Оношилгоо, Эмчилгээний Төв нь бамбай булчирхай нь ИОД-131 эмчилгээ болон ясны сийрэг чанарыг бага тунт рентген туяа ашиглан тодорхойлж 30 секундээс бага хугацаанд үнэлэх өндөр хүчин чадал бүхий аппаратаар үйлчилдэг байна. Мөн нэмэлтээр хүүхдийн ясны сийрэгжилт болон бүтэн биеийн ясны сийрэгжилтийг үнэлэх шинжилгээг хийж байгаа юм байна.