ОХУ-д ДОХ-ын халдвар тархалт эрс нэмэгдсэн тул хүн амын гуравны нэгийг жил бүр шинжилгээнд хамруулна

Т.Давааням, ikon.mn
39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Орос улсад ДОХ (Дархлалын Олдмол Хомсдол) өвчний халдвар тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан хүн амын гуравны нэгийг жил бүр үзлэг шинжилгээнд хамруулах шаардлагатай болж буйг тус улсын эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгджээ.

“Эмнэлгийн үзлэг шинжилгээг цаашид өргөжүүлэх шаардлагатай байна. Хүн амын гуравны нэгийг хамруулах, ялангуяа эрсдэлтэй бүлгүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж тэр Баасан гарагт болсон арга хэмжээний үеэр хэлсэн байна.

2024 онд ОХУ-д 54 сая хүнийг буюу хүн амын 37 орчим хувийг ДОХ-ын шинжилгээнд хамруулсан нь сүүлийн арван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсныг эрүүл мэндийн хяналтын Роспотребнадзор агентлагаас гаргасан тоо баримт харуулжээ.

Энэ нь 2023 оныхоос 7 хувиар өндөр, 2014 онд 28.3 сая хүнийг хамруулсан шинжилгээнээс бараг хоёр дахин өндөр юм.

Тэгвэл Мурашко энэ түвшнийг цаашид үргэлжлүүлэн хадгалах ёстой гэж үзэж байгаа юм байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тоо баримтаас үзвэл ОХУ-д 100,000 хүн тутамд 890 халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа.

Энэ нь Африкийн зарим орнуудтай ижил, баруун Европын орнуудтай харьцуулахад нэлээд өндөр үзүүлэлт юм.

Тухайлбал Гвинейд энэ үзүүлэлт 874, Либерид 944, Чадад 771, Этиопт 601 байгаа бол Францад 358, Их Британид 191, Шведэд 171 байна.

ДОХ-оос урьдчилан сэргийлэх Холбооны Шинжлэх Ухаан, Арга Зүйн Төвийн дарга Вадим Покровскийн хэлснээр 2025 онд ОХУ-д халдвартай хүний тоо 35,000-аар өсөж, 1.25 саяд хүрчээ.

“Халдварын эрсдэл маш өндөр байна. Хэрвээ 15-50 насны иргэдийг авч үзвэл нэг хувиас илүү хэсэг нь буюу зургаан хүн тутмын нэг нь халдвартай байна” гэж Покровский хэлсэн юм.

40-45 насны эрчүүдийн дунд энэ үзүүлэлт 4 хувь болж өсдөгийг тэр нэмж мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times