АНУ-ын бүслэлтийг эсэргүүцсэн Иран улс Ормузын хоолойг дахин хааж, ачааны хөлгүүд рүү гал нээв
Баасан гарагт АНУ, Ираны талууд дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойг арилжааны хөлгүүдэд бүрэн нээж байгааг тус тусдаа зарласан билээ.
Гэвч Трампын засаг захиргаа Ираны боомтуудыг чиглэсэн хөлгүүдийг гаднаас Ормузын хоолой руу нэвтрүүлэхгүй байх, Ираны боомтуудаас хөдөлсөн хөлгүүдийг хоолойгоос гаргахгүй байх давхар бүслэлтээ хэвээр үлдээж буйг мэдэгдэж байсан юм.
Тэгвэл үүнийг нь эсэргүүцсэн Ираны тал Бямба гарагт Ормузын хоолойг дахин хааж, ачаа тээврийн хөлгүүд рүү гал нээж эхэлжээ.
Найм дахь долоо хоногтойгоо золгож буй дайны ихэнх хугацаанд дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн тавны нэг дайран өнгөрдөг Ормузын хоолойг Иран улс хааснаар газрын тосны зах зээлийн үнэ огцом өссөн юм.
АНУ, Ираны хооронд байгуулагдсан маш эмзэг гал зогсоох тохиролцооны хугацаа ирэх Лхагва гарагт дуусахаар байгаа.
Ираны тал гал зогсоох хугацааг сунгах шинэ саналыг АНУ-аас хүлээж авснаа баталсан бол Пакистан улс тэдний хооронд дахин нэг шууд яриа хэлэлцээ зохион байгуулахаар ажиллаж байна.
“Ормузын хоолойн хяналт өмнөх байдалдаа шилжиж, зэвсэгт хүчний хатуу удирдлага дор байна” гэж Ираны зэвсэгт хүчний командлал мэдэгдээд АНУ-ын бүслэлт хүчин төгөлдөр байх хугацаанд хоолойгоор ямар ч хөлөг дамжин өнгөрөх боломжгүйг анхааруулжээ.
Өчигдөр Ираны хувьсгалт гвардын байлдааны хөлгүүд газрын тос тээвэрлэгч рүү гал нээхэд зарим нөөцийн сав нь үл мэдэгдэх суманд оногдож, гэмтсэн тухай Их Британийн армийн Далайн Худалдааны Үйл Ажиллагааны Төв мэдээлсэн байна.
Энэтхэгийн гадаад хэргийн яам өөрийнх нь далбаатай хоёр хөлөг халдлагад өртсөн асуудлаар Ираны элчин сайдын яаманд эсэргүүцэл илэрхийлжээ. Өмнө нь Энэтхэгийн хэд хэдэн хөлгийг Ираны тал Ормузын хоолойгоор саадгүй нэвтрүүлсний дараа ийм асуудал үүссэн гэнэ.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Пакистаны нийслэл Исламабад хотод болсон АНУ, Ираны төлөөлөгчдийн яриа хэлэлцээ үр дүнд хүрээгүйн улмаас маргааш нь Ираны боомтуудыг чиглэсэн ачааны хөлгүүдийг Ормузын хоолойгоор нэвтрүүлэхгүй байх давхар бүслэлтийг Трампын засаг захиргаа эхлүүлсэн юм.
Даваа гарагаас хойш Ормузын хоолойгоор дамжин ирсэн нийт 23 хөлгийг Ираны боомтууд руу буцаасныг АНУ-ын цэргийн төв командлал Бямба гарагт мэдээлжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
