Хуванцрын бохирдол сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан том асуудал болж, бичил хэсгүүд нь хүмүүсийн бие махбодод хүртэл нэвтрэх болсон.
Саяхан хэсэг судлаачид нас барсан 52 хүний тархийг задлан шинжлээд элэг, бөөртэй нь харьцуулахад 7-30 дахин их бичил хуванцрын хэсгүүдийг илрүүлжээ.
Өөрөөр хэлбэл хүний дундаж тархинаас гарсан хуванцрын хэсгүүдийг нийлүүлбэл нэг халбаганы хэмжээтэй дүйцэхүйц болсон байна.
Тархинаас илэрсэн хуванцрын ихэнх нь гялгар уут, хүнсний сав суулга, усны саванд хэрэглэдэг полиэтилений нано хэмжээтэй хэсгүүд байжээ.
Ийм хэмжээний бохирдол хүний мэдрэлийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэхийг судлаачид одоогоор хэлж чадахгүй байна.
Гэхдээ шинжилгээнд хамрагдсан зөнөх өвчтэй 12 хүний тархинаас илэрсэн хуванцрын хэмжээ эрүүл хүний тархинаас илэрснээс өндөр байжээ.
Сүүлийн жилүүдэд хүний зүрх, элэг, төмсөг, хөхний сүү зэргээс бичил хуванцрын хэлтэрхий их хэмжээгээр илрэх болсон. Гэхдээ судлаачид хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг нь тогтоож чадаагүй байна.
Бусад эрхтнүүдээс ялгаатай нь хүний тархи бол гаднын нөлөөнөөс хамгийн их хамгаалагдсан эрхтэн юм.
Тархины хамгаалалтын системийг бичил хуванцрууд яаж нэвтэрснийг тайлбарлаж чадахгүй байгаагаа судалгааг ахалсан эрдэмтэн Мэттью Кэмпен хэлжээ.
Үүнд тархин дахь өөх тосны өндөр хувь хэмжээ гол үүрэг гүйцэтгэдэг байж болзошгүй гэж тэр таамаглаж байна.
“Хуванцар савыг тосноос цэвэрлэж үзсэн хүн мэдэх байх. Ингэхэд маш их саван, халуун ус шаардагддаг. Хуванцраас тосыг салгахад үнэхээр хэцүү. Ийм үзэгдэл нөлөөлж байгаа болов уу гэж бид таамаглаж байна” гэж Кэмпен тайлбарлажээ.
Залуу хүний тархитай харьцуулахад хөгшин хүний тархи хуванцрын агуулга өндөр байгаагүй нь хүний бие бичил хуванцрыг насан туршдаа хуримтлуулдаггүй, тодорхой хэсгийг нь ялгадсаараа дамжуулан гадагшлуулдаг байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүргэснийг Кэмпен бас ярьжээ.
Гэхдээ үүнийг батлахын тулд илүү нарийвчлан судлах шаардлагатай гэж тэр үзэж байна.
Кэмпений удирдсан судалгаанаас бас 2016 онд нас барсан хүнийхтэй харьцуулахад 2024 онд нас барсан хүний тархи, элэгнээс гарсан бичил хуванцрын хэмжээ өссөн нь харагджээ.
Хуванцрын бохирдлоос бие махбодоо хамгаалахын тулд хоол идэхээсээ өмнө гараа угаах, богино долгионы зууханд халаахаасаа өмнө хоол хүнсийг хуванцар уут савнаас салгах, хуванцар савнаас ус ундаа уухгүй байх зэрэг аргуудыг судлаачид хүмүүст зөвлөж байна.
АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгааны тайлан өчигдөр “Nature Medicine” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!